m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.23 11:38
1786
Украины хилийн дагуу цэрэггүй бүс байгуулах шийдвэр гаргажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хилийн дагуу цэрэггүй бүс байгуулах шийдвэр гаргаж, Оросын цэргийнхэн энэ тушаалыг биелүүлэхээр ажиллаж эхэлснийг зарлав. “Хилийн дагуу аюулгүй байдлын дундын бүс байгуулах шаардлагатай гэж үзээд шийдвэрээ гаргалаа. Одоо манай зэвсэгт хүчин энэ асуудлыг хариуцаж шийднэ. Эсрэг талын галын цэгүүдийг идэвхтэй шахаж байна. Ажил эхэлсэн” хэмээн Кремлийн удирдагч онцоллоо. Украины арми Оросын Курск, Брянск, Белгород мужийг дроноор довтолж, цэргийн бус байгууламжийг онилж байна хэмээн Путин хэллээ. “Хүмүүс төрөлх, тосгон суурин руугаа буцаж очиход нь туслана. Гагцхүү тэнд аюулгүй байдал нь хангагдсан байх ёстой. Украины армийн довтолгоонд өртөж сүйрсэн хил орчмын бүс нутгийг сэргээн босгох ажил эхэлнэ.

Зам харгуй, бусад дэд бүтцийг сэргээж, хөдөө аж ахуйг дэмжинэ” хэмээн Путин ярилаа. Тэрээр Оросын Хөдөө аж ахуйн яаманд үүрэг өгч, Курск, Брянск, Белгород мужийн газар тариаланг аль болох богино хугацаанд сэргээх төлөвлөгөө боловсруулах үүрэг өгчээ. Засгийн газрын зүгээс шаардлагатай хөрөнгө, эд материалаар хангах аж. Сэргээн босголтод Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Онцгой байдлын газар, Барилгын яам болон бусад байгуулагыг нэгдэхийг хүслээ. Мөн бүс нутгийг минагүйжүүлэх хэрэгтэйг цохон тэмдэглэв. Ерөнхийлөгчийн ярьж буй цэрэггүй бүс нь тавьсан зорилгоос хамаарч янз бүрийн гүнтэй (өргөн) байх болно хэмээн Төрийн Думын Батлан хамгаалах хорооны дарга Андрей Красов хэллээ. “Бид иргэдээ их бууны цохилтод өртөхөөргүй байлгана гэвэл цэрэггүй бүсийн гүн өөрөөр яригдана. Пуужингийн довтолгооноос сэргийлэх зорилго тавибал огт өөр гүний асуудал яригдана” хэмээн тэрээр мэдэгджээ. Цэрэггүй бүс байгуулах нь Украины талаас хамаарна. Эргэн сэргэсэн шууд хэлэлцээний явцад Украины тал ийм бүс байгуулахад саад учруулахгүй бол ажил тун хурдан өрнөнө хэмээн хэлж байна. “Хэрвээ Киев Оросын энгийн иргэд рүү буудсаар байвал цэрэггүй бүс байгуулах асуудал сунжирна. Бүх зүйл Украины саруул ухаан, барууны эздийнх нь үйлдлээс хамаарна” хэмээн Красов ярьжээ. Цэргийн шинжээч Василий Дандыкины үзэж буйгаар, Сумск муж дахь цэрэггүй бүсийн гүн нь дор хаяж 50 км байх ёстой ажээ.