Төрийн хэмнэлтийн тухай хуулийн тодорхой заалт Үндсэн хуулийн холбогдох заалттай зөрчилдөж байгаа бөгөөд үндэсний аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг боомилж байна хэмээн үзэж, иргэн Г.Батсүх ҮХЦ-д гомдол гаргалаа. Гомдол гаргасан заалтын талаар тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:
Би барилга, бүтээн байгуулалтын салбараа төлөөлж байгаа. Монгол Улсад мега төслүүд хөдөлж, томоохон хотхон, хорооллууд баригдахаар болж байна. Эдгээр төсөлд үндэсний компаниуд оролцох боломжоор хангаж өгөөч гэдэг хүсэлтийг Нийслэл болон холбогдох газруудад өгсөн.
“Сэлбэ” дэд төвийн орон сууцны хотхон, хорооллыг монголын барилгын компаниуд барих бүрэн боломжтой. Гэтэл тендер зарлахдаа 400 тэрбум, 600 тэрбум гээд монгол компаниуд оролцох боломжгүй өндөр дүн тавьчихаад байна. Нэг барилгын компани гэхэд дор хаяж 130 гаруй тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байх шаардлага тавьж байгаа. Гэтэл монголд жилдээ ийм хэмжээний борлуулалт хийдэг компани бараг байхгүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд зарласан тендерүүдэд дандаа хятадын компаниуд шалгарсан байдаг.
Одоо зарлагдаж байгаа 3, 4 дүгээр багц нь бас л маш өндөр буюу 400-600 тэрбум төгрөгөөр зарлагдчихаад байгаа. Тиймээс зарласан тендрээ цуцлаач ээ, багцаа задалж жижиглээд, монгол компаниуд оролцох боломжтой болгож өгөөч ээ гэдэг хүсэлт тавьсан. Үүнд хууль саад болж байна гэж үзэж ҮХЦ-д мөн гомдол гаргаж байгаа юм гэв.
Г.Батсүхийн гаргасан гомдолд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1, 13.1.2 дахь заалтууд нь төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг богино хугацаанд багтаахыг тулгаж, хугацаа хэтэрсэн тохиолдолд санхүүжилтийг хасах буюу зогсоох зохицуулалт хийсэн. Энэ нь аж ахуйн нэгжүүд төсөл арга хэмжээнд оролцох боломжийг хязгаарлаж, улмаар төсвийн хэрэгжилт, эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна хэмээн үзэж, дээрх заалтуудыг Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн болохыг тогтоож өгөхийг хүссэн байна.
Манайхтай адилхан жилийн дөрвөн улирал бүхий Канад, ОХУ-аас эхлээд Норвеги, Швед зэрэг Скандиновын орнууд тендер зарлах, шалгаруулах, гэрээ байгуулах зэрэг ажлыг оны эхний улиралд багтаан амжуулж, дөрөв, тав дугаар сараас бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлдэг жишиг бий. Манайд ч ялгаагүй, зуны улиралд багтааж хийгээгүйгээс төсөл, хөтөлбөр он дамжин хугацаа алдах, үүний улмаас зардал өсөх, яваандаа төсвийн санхүүжилт нь царцах үзэгдэл түгээмэл байдаг. Тиймээс цаг хугацаанаас илүүтэй гүйцэтгэсэн ажлын мөнгөн дүнд тавих босго хувийг бууруулж, үнсдэний компаниудыг түлхүү оролцуулах боломжийг бүрдүүлэх шаардлага байгаа юм.
Шууд дамжуулалтыг үзэх: