Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.05.23 16:01
393
Ц.Туваан: Засгийн газрын амин сүнс нь 14 мега төсөл байсан

Хамтарсан Засгийн газарт нэгдсэн Ардчилсан нам гэрээгээ удаа дараа зөрчсөн учир цаашид эвсэх шаардлагагүй гэж МАН-ын Бага хурлын гишүүд үзсэн. Уг асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас байр суурийг нь тодрууллаа.

Тэрээр “Дайн болоход шалтаг хэрэгтэй байдаг шиг тэр шалтаг нь Ардчилсан нам боллоо. Бид өөрсдөө дуртайдаа хамтарсан Засгийн газарт ороогүй. МАН-ын Бага хурлын шийдвэр гарч, бидэнд хүсэлт ирүүлсний дагуу байгуулагдсан. Тийм учраас Ардчилсан нам яг ямар заалтыг зөрчсөн тухай албан бичиг илгээх хүсэлтийг МАН-ын Бага хуралд явуулсан.

Энэ Засгийн газрын амин сүнс нь 14 мега төсөл байсан. 14 мега төслийн 7 нь манай салбарт ноогдсон. Бид зүрх сэтгэлээ гаргаж ажилласан. Гашуунсухайт ганц мод боомтын хил холболт, Оранагийн гэрээ, Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Зэсийн цогцолбор гээд л хөвөрнө дөө. Энэ төслүүд үргэлжлээсэй, битгий дахиж улстөржиж гацаасай л гэж бодож байна.

Жагсагчдын эхэлсэн зорилго өөрчлөгдөж, Ардчилсан нам руу чиглэлээ. Манай эрх баригчид ийм л илбэтэй. Урд хөл бүдрэхэд хойд гуяыг ташуурдана гэдэг шиг Ардчилсан нам дээр л хариуцлагууд бууж байна. Ардчилсан намыг боловсон хүчингүй, ажил хийж чаддаггүй гэж муулах нь их байдаг. Гэхдээ бид богино хугацаанд, чадлаараа ажилласан.

Миний хувьд 10 сарын хугацаанд иргэдийнхээ орлогыг 10 мянган ам долларт хүргэе гэж зорьж байсан. Зорилгоо биелүүлэх гэж их хичээж ажиллаа. Үнээгээ үхэхээр сүүтэйг нь мэднэ гэдэг шиг Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн ажлууд үр дүнтэй байсныг ойлгох байх.

Манай уул уурхайн салбар Баялгийн санг дүүргэх үүрэгтэй. Төртэй улс учир ажил явдгаараа явах ёстой. Би ажлаа өгсөн ч, хэрэгжүүлж байсан төслүүдээ үргэлжлээсэй гэж хүсэж байна" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: