Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2025.05.25 16:36
349
Австри Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Монголд ирнэ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлалхийх Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дерБеллен өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирнэ.

Австри Улсын Ерөнхийлөгчийн анх удаа Монгол Улсад хийх тус айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Австрийн Хамтарсан тунхаглалыг байгуулах юм.

Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн талаас соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөлөл багтсан байна.

Тухайлбал, Австрийн хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецбергер 2025 оны 05 дугаар сарын 18-28-ны өдрүүдэд Монголд айлчлан ирж, монгол уран бүтээлчидтай хамтран ажиллаж, “Сонгодог үдэштоглолтыг өнөөдөр УДБЭТ-д толилуулах юм.

Монгол Улс, Австри Улс 1963 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж иржээ.

Хоёр улсын худалдааны эргэлтийг аваад үзвэл 2024 онд 39,53 сая ам.доллар байснаас 34,5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж, 5,03 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна.

Австри улсад 2600 гаруй Монгол иргэд оршин суудаг бөгөөд 2024 оны байдлаар 200 орчим Монгол оюутан суралцаж байгаа юм. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт- 2100” хөтөлбөрийн хүрээнд тус улсад 6 оюутан Леобен хотын Монтанагийн их сургуульд суралцаж байна.

Энэ жил 81 настай Ерөнхийлөгч Александр Ван дерБеллен нь 2017 онд Австри Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2022 онд улиран сонгогдсон билээ.