Башар Асадын засаглалын үед Сирийн тусгай албад найман сая орчим иргэнээ мөрдөж, эрэн сурвалжилж, дээш нь матдаг байсан хэмээн шинэ эрх баригчдын Дотоод хэргийн яамнаас мэдэгдлээ. “Тусгай, нууц албаныхан Сирийн ард түмний бараг гуравны нэгийг нь мөрдөн мөшгидөг байсан. Бүгдийг нь улс төрийн шалтгаанаар мөрдөж, матаж зовоосон. Асадын дэглэмийг эсэргүүцсэн, жагссан хүмүүсийг терроризмын хэрэгт буруутгаж, шоронд хорьж, байнгын хараа хяналтад байлгаж байсан. Асадын дэглэмээс зугтаж явсан олон хүн хил дээр, шалган нэвтрүүлэх цэг дээр саатуулагдаж, улмаар шоронд хүргэгдэж байлаа” хэмээн одоогийн эрх баригчдын төлөөлөгч ярилаа.
2024 оны сүүлчээр “Хайят Тахрир аш-Шам” суннит бүлгээр толгойлуулсан Сирийн сөрөг хүчин улс орны том хотуудыг, нийслэл Дамаскийг эзэлж Башар Асадын дэглэмийг түлхэн унагасан юм.
Асад эцгийн хамтаар Сири орныг бараг хагас зуун жил удирдсан. Ерөнхийлөгч Асад гэр бүлийн хамтаар Орос руу зугтан гарчээ. Сирийн шинэ Ерөнхийлөгч Ахмед Аль-Шараа улс орноо цэгцэлж, өрнөдтэй харилцаагаа хэвийн болгохоор чармайсаар байна. АНУ, Европын холбоо Сирийн улс төрийн шилжилтийг дэмжиж тавдугаар сарын эхээр Сирийн эсрэг хориг арга хэмжээг хэсэгчлэн цуцлаад байна.