Дональд Трампын засаг захиргаа, нэр хүнд бүхий Харвардын их сургуулийн хоорондох маргаан шинэ шатанд гарлаа. АНУ-ын эрх баригчид Харвардын их сургуулийн гадаад оюутан элсүүлэх эрхийг хурааж авч буйгаа зарлав. Ийнхүү тус сургуулийн мянга мянган оюутан өөр их сургууль руу шилжих, эсвэл АНУ-ыг орхин гарах хэрэгтэй болж байна. Харвардын их сургууль Америкийн эсрэг үзэлтнүүд болон еврей оюутнуудыг түрэмгийлдэг террорист хандлагатай оюутнуудыг элсүүлснээр оюутны хотхонд аюултай орчин бий болсон хэмээн Үндэсний аюулгүй байдлын департаментаас мэдэгдэв. Мөн Харвард нь Хятадын Коммунист намтай хамтран ажиллаж, 2024 онд Хятадын цэрэгжсэн бүлгийн гишүүдийг авч сургасан хэмээн буруутгажээ. “Харвардын их сургууль гадаад оюутан элсүүлэхийг хориглоно. Ингэснээр одоо тэнд суралцаж байгаа гадаад оюутнууд өөр сургууль руу шилжих ёстой. Эс бөгөөс хууль ёсны статусаа алдана” хэмээн тус департаментын мэдэгдэлд онцолсон байна. “Харвардад буруу зүйлээ засах олон боломж байсан. Гэвч татгалзсан. Хууль биелүүлээгүй тул Зочин оюутан солилцох, Оюутны хөтөлбөрийн сертификатыг нь хурааж авч байна. Энэ нь улс орны бусад академик байгууллагуудад сануулга болог” хэмээн Үндэсний аюулгүй байдлын тэргүүн Кристи Ноэм Х сүлжээн дээрээ бичжээ. Үндэсний аюулгүй байдлын департамент дөрөвдүгээр сарын 16-нд Харвард руу захидал бичиж, оюутны хотхон дахь гадаад оюутнуудын үйл ажиллагаа, эсэргүүцлийн жагсаалд хэрхэн оролцож буй талаарх мэдээллийг өгөхийг хүссэн аж. Гэвч Харвардын удирдлага олон улсын оюутнуудын талаарх хязгаарлагдмал мэдээллийг Вашингтоны эрх баригчдад өгчээ. Харвард нь Массачусетс дахь Кэмбриж оюутны хотхондоо 6.800 орчим гадаад оюутантай. Энэ нь тус сургуулийн нийт оюутны дөрөвний нэг юм. Тус сургуульд дэлхийн 100 гаруй орны оюутнууд ихэвчлэн мастер, докторт сурдаг.