Улс төр
2025.05.26 13:08
1903
Эрх мэдэл нь нэмэгдсэн ч намын нөлөөллөөс ангижирч чадаагүй Ерөнхий сайд ба засаглалын хямрал

МАН-ын Бага хурал хуралдсанаас хойш таван өдөр өнгөрлөө. Засгийн газрын бүрэлдэхүүнээс Ардчилсан намыг гаргах шийдвэр гаргаж, хамтрагчаа тонгорсноос өөр шийдвэр гаргаагүй мэт гадна талдаа харагдаж байгаа ч хөшигний ард нэлээд үймээнтэй өдрүүд үргэлжилж байна.

Дараагийн Засгийн газрын тэргүүнээр олон ч хүнийг нэрлээд авлаа. Магадгүй, хөшигний ард дараагийн Ерөнхий сайд хэн болох нь аль хэдийнэ шийдэгдсэн байж болох ч  олон нийтийн хандлагыг ажиглах гэж зориуд янз бүрийн нэр шидэж, ярианы сэдэв болгож байж мэдэх. Мөн хүчтэй өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагах гэж зориудаар урьдчилан “өгөөш үмхүүлэх” нь ч бий. “Шидсэн өгөөш”-ийг нь олон нийт хэдэн талаас нь тасар татаж, “гэдэс дотрыг нь ил гаргачихдаг” болохоор энэ нь тухайн өрсөлдөгчийг жагсаалтаас гаргах таатай нөхцөл болдог тал ч  бий.

Ямартай ч гүйцэтгэх засаглалыг томилох хийгээд огцруулах процедурын хувьд эргэж харах зүйл байгааг энэ өдрүүд харуулж буй. Нийт сонгогчийн 70 хувь буюу 1,448,300 иргэний саналаар байгуулагдсан парламентаас илүү улс төрийн намын шийдвэр хүчтэй байгааг, бүр төр эргүүлэх хэмжээнд байгааг бид нийтээрээ харлаа.  Зүй нь төрийн дээр хууль, бүх хуулийн дээр Үндсэн хууль байх ёстой.

Хэдийгээр парламентад олонх эсвэл олон суудал авсан нам Ерөнхий сайд болох хүнийхээ нэрийг дэвшүүлдэг, тэр нь голдуу намын дарга байдаг жишиг нь дэлхийн олон оронд хэрэгждэг ч энэ тогтолцооны сул тал нь төрийн аливаа шийдвэр улс төрийн хүчин буюу намаас хэт хамааралтай байдаг.

Тэгвэл дэлхийн улс орнууд Ерөнхий сайдаа хэрхэн томилдог хийгээд тэдгээрийн алдаа, оноо, сайн, муу туршлагын талаар авч үзье.

Нэгдүгээрт, парламент дахь олонхыг бүрдүүлсэн намын удирдагч Ерөнхий сайд болох жишиг түгээмэл байдаг. Жишээлбэл, Их Британи, Канад, Энэтхэг, Япон гэх мэт улсуудыг нэрлэж болох юм. Энэ тохиолдолд парламентын сонгуульд ялалт байгуулсан намаас Ерөнхий сайдын нэрийг оруулж ирснээр ёс төдий хэлэлцдэг гэхэд хилсдэхгүй. Нэг нам парламент, засгийн газар хоёуланг удирдах нь бодлогоо хэрэгжүүлэх боломжийг олгодог ч нөгөө талаар эрх мэдэл төвлөрч, хяналт сулрах магадлалтай гэж үздэг. Түүнчлэн эрх барьж байгаа нам дотроо фракц, бүлэглэлийн удирдагчдын зодоон ч их байдаг бөгөөд тэдний хэн  хүчтэй нь төрийг шууд бусаар удирдаж байдаг.

Хоёрдугаарт, Ерөнхий сайд болох хүнийг Ерөнхийлөгч санал болгож, парламент түүнийг итгэл хүлээлгэх санал хураалтаар баталдаг. Тухайлбал, Испани, Грек, Израиль, Чех, Унгар гэх мэт улсууд энэ аргыг хэрэглэж байна.

Гуравдугаарт, Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг нэр дэвшүүлж, парламентын зөвшөөрөлгүйгээр томилдог. Жишээлбэл, Франц, Тунис гэх мэт хагас ерөнхийлөгчийн засаглалтай орнуудад энэ хувилбарыг хэрэгжүүлдэг.

Дөрөвүгээрт, Ерөнхий сайдыг ард түмэн шууд сонгох. Гэхдээ энэ хувилбарыг хэрэглэсэн нь маш ховор аж. Жишээлбэл, Израиль улс 1996 оноос Ерөнхий сайдаа ард түмнээс шууд сонгож байсан ч хоёр эрх мэдлийн хооорондох зөрчилдөөн хурцадсаар 2001 онд болиулсан байна. Мөн Турк улс түүхийн зарим үедээ энэ хувилбарыг хэрэглэсэн байна.

Тавдугаарт, Ерөнхийлөгчийн санал болгосон Ерөнхий сайдыг олон шат дамжлагатайгаар зөвшөөрдөг. Ливан, Босни-Герцеговин зэрэг оронд хэрэгждэг энэ тогтолцоо нь үндэстний болон шашны тэнцвэрт байдлыг харгалзан үздэг бөгөөд Ерөнхий сайдад нэр дэвшигч нь аль нэг шашны төлөөлөл байх нь ч бий.

Зургаадугаарт, Ерөнхий сайдыг Парламент дотроос шууд сонгодог байх хувилбарыг зарим оронд хэрэгжүүлдэг. Парламент өөрөө нийт сонгогчийн төлөөллийн байгууллага. Энэ утгаараа парламентаас сонгогдсон Ерөнхий сайд нийт сонгогчийн эрх ашгийг хангах боломжтой гэж үздэг. Ингэхдээ УИХ-д олонх эсвэл олон, цөөн суудал авсан байх нь хамаагүй, бүх намаас нэр дэвшүүлэх боломжтой байвал төрийн шийдвэр дэх улс төрийн намын нөлөөллийг бууруулж болох талтай юм.

Монгол Улсын тухайд, 2024 оны сонгуулийн үр дүнгээр анх удаа олон нам буюу таван намаас бүрдсэн парламент байгуулагдсан. Засгийн газраа ч хамтран байгуулсан. Өнөөдрийн байдлаар хамтарсан Засгийн газар нуран унах нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд парламент дахь олонхыг бүрдүүлсэн нам дотор дараагийн танхимын тэргүүний төлөөх тэмцэлдээн ид өрнөж буй.

Тэгвэл дараагийн Ерөнхий сайд хэн болох нь тодорхойгүйгээр өнөөгийн танхимын тэргүүнийг огцруулах нь Засгийн газрын хэрэгжүүлж байсан мөрийн хөтөлбөр тасалдах эрсдэл дагуулж байдаг тул эхлээд дараагийн Ерөнхий сайдыг хэлэлцдэг туршлага ч бас байна. Тухайлбал, Герман улсад Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, Бундестаг нь олонхын саналаар Канцлераа сонгодог бөгөөд огцруулах нөхцөл байдал үүслээ гэхэд  дараагийн хүнийг эхлээд нэрлэдэг байна. Дараагийн Ерөнхий сайдад горилогч нь ямар төлөвшил, зарчимтай хүн юм, энэ засгийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэх, эсбөгөөс илүү сайжруулах ямар бодлого баримталж байгаа юм, өмнөхөөсөө үнэхээр илүү байж чадах уу гэдгийг эхэлж харна гэсэн үг.

Өнөөгийн Засгийн газрын баялгийн талаарх бодлого болон эдийн засгийг солонгоруулан тэлэх бодлогыг олон нийт таашааж байгаа ч хүүгийнх нь асуудал дээр дөрөөлөн улс төрийн тоглолт хийж, Засгийн газрыг унагаах нөхцөл бүрдээд байгаа төдийгүй үүнийг зохион байгуулагч бүлэглэл дараагийн танхимын тэргүүнийг тавих нь дамжиггүй гэж улс төр сонирхогчид харж байгаа. Энэ нь биеллээ олбол нэн тэргүүнд баялгийн өгөөжийг нийт иргэдэд тэгш хүртээх бодлого алдагдах вий гэсэн болгоомжлолыг ч бас төрүүлж буй.

Гэхдээ одоогийн Засгийг унагаах эсэх, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Үндсэн хуулийн 43.1-т зааснаар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах саналд эхлээд 32-оос доошгүй гишүүний гарын үсэг хэрэгтэй болно. Энэ хэмжээний гарын үсэг цуглуулсан бол дараа нь УИХ-аар асуудлыг хэлэлцэх бөгөөд тухайн хуралд оролцсон гишүүдийн бус харин нийт гишүүний олонх буюу 64 гишүүн дэмжвэл Засгийн газар огцорно гэсэн үг. Тэгэхээр өнөөгийн Засгийн газар 64 гишүүнээс дэмжлэг авч чадвал бүрэн эрхийн хугацаагаа дуустал үргэлжлүүлэн ажиллах боломж бас бий.

Хэдийгээр 2019 онд хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, Засгийн газрын тогтвортой байдлыг тодорхой хэмжээгээр хангаж өгсөн ч эргээд огцруулахад тавих босго намхан хэвээр байгаа юм