Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаас цаг үеийн асуудлуудаар байр суурийг нь тодрууллаа.
МАН-ын бага хурлын шийдвэр гарч, АН-ынхан ч ЗГ огцорсон гэж мэдэгдсэн шүү дээ. Процесс нь яагаад удаашраад байгаа юм бэ?
Засагт хамтарсан намууд улс төрийн үйл ажиллагаа, бодлогын уялдааг хангаж өгөх ёстой. Энэ нь хангагдаагүй гэж МАН-ын Бага хурал үзсэн. Зарим УИХ-ын гишүүд ЗГ-ын үйл ажиллагааг дутуу үнэлэх асудал гарсныг бид мэдэж байгаа. Гэхдээ ЗГ огцорно гэдэг бол УИХ-аар орж байж, Ерөнхий сайдыг чөлөөлөх эсэх асуудлыг шийдсэний дараа хийгддэг асуудал.
МАН-ын УЗ таныг дэмжвэл та Ерөнхий сайд болоход бэлэн үү?
Тийм асуудал байхгүй. Төрийн үйл ажиллагаа тууштай бөгөөд тогтвортой явах ёстой. Одоогийн хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайд хуулийн хүрээнд үүргээ гүйцэтгээд явж байгаа.
Нэгдүгээрт, төр засаг тогтвортой байх, бодлого залгамж халаатай байх, хариуцлагатай, нэгдмэл байх нь хамгийн чухал. Хоёрдугаарт, төрийн алба, тэр дундаа улс төрийн алба гэдэг бол хэн нэгэн хүний хүсэл мөрөөдөл, бодол санаа, хувийн амбицаар шийдэгддэг асуудал биш. Энэ өөрөө УИХ, Үндсэн хуулийн байгууллагууд, цаашилбал, улс төрийн институци хоорондын дотоод үйл ажиллагаа, гадаад бодлого, шийдвэрээр шийдвэрлэгддэг асуудал. Миний хувьд төрийн албанд ямар ч цаг үед хариуцсан албандаа үнэнч, хариуцлагатай, тууштай байж, бодит үр дүн гаргахын төлөө ажиллаж яваа. Тиймээс энэ асуудал дээр ямар нэг үндэслэлгүй, эх сурвалжгүй яриа хөөрөөнд автаж болохгүй гэж бодож байна.
Хэдийгээр ЗГ хэвийн ажиллаж байгаа мэт харагдаж байгаа ч цаагуураа дараагйн ЗГ-ын тэргүүнийг сонгох “хор найруулагдаж” байгаа. Энэ нь төрийн ажил доголдоход нөлөөлөхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ?
Улс төрийн нөхцөл байдлаас үүдэж, янз бүрийн таамгууд дэвшүүлж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ монгол төрийн үйл ажиллагаа тасалдахгүй явж ирсэн, одоо ч хэвийн явж байгаа, цаашид ч үргэлжлэх болно. Чуулганаар ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна, гишүүд чуулгандаа оролцоод явж байгаа. ЗГ-ын үйл ажиллагаа тасалдахгүй.
Бүсчилсэн хөгжлийн бодлого эрчимтэй явж байгаа. Нийслэл гэдэг нэг төвтэй хөгжлөөс олон төвтэй хөгжилд шилжиж, хөдөөд амьдралын чанарыг сайжруулах, улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төрд итгэх итгэлийг сэргээх нь хамгийн чухал байгаа.
АН-ын сайд нар засгаас гарчихсан сэтгэл зүйтэй байхад төрийн ажил хэвийн үргэлжилж байгаа гэдэг үнэмшилгүй сонсогдож байна л даа?
Бага хурал бол Их хурлын чөлөө заваар үйл ажиллагаа явуулдаг, МАН-ын хамгийн том бүтэц. Энд засагт хамтарсан намууд гэрээний үүргээ биелүүлж байна уу, улс төрийн амлалт, үүргээ ямар нэг байдлаар зөрчиж байна уу, үгүй юу гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгсөн. Түүнээс ямар нэг намыг үгүйсгэж, хөөж тууж байгаа асуудал биш. Хамтарсан ч бай, хамтраагүй ч бай төрийн үйл ажиллагаа тогтвортой байх ёстой.
Анх Ерөнхий сайдыг орлогоо нотлооч гэсэн шаардлага тавьсан. Гэтэл тэр асуудал яагаад замхарчихав?
Ерөнхий сайд Засгийн газрын тэргүүний хувьд ч, улс төрчийнхөө хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Орлогоо нотлуулна гэдгээ мэдэгдсэн, улс төрийн байр сууриа илэрхийлчихсэн. Түүний байр суурьд бид хүндэтгэлтэй хандах ёстой. Өнөө, маргаашдаа бүх юм тодорхой болчих байх гэж найдаж байна.
Орлого нотлох нь ийм удах асуудал мөн үү?
Асуудал нэгэнт хуулийн байгууллагад очсон бол асуудлыг хянана, шалгана, нотолно гээд нэг өдөр шийдчихдэг, нэг хүн хийчихдэг ажил биш.
Та өөрийнхөө орлогыг хэр хурдан нотолж чадах вэ?
Бид хөрөнгө орлогын мэдүүлгээрээ нотолчихож байгаа. Үүн дээр үндэслээд ямар орлого олсон юм, юунд зарцуулсан юм гэдэг нь тодорхой ч гэсэн нотлоход хугацаа орно.