2025 оны 5-р сарын 21-нд болсон МАН-ын VI Бага хурал дээрх МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн дүгнэлт” илтгэлийг танилцуулсны дараа Засгийн газраас АН-ыг гаргах тогтоол гаргасан гэх ч энэ тогтоолыг бүрэн эхээр нь олон нийтэд танилцуулаагүй байгаа. Тэр бүү хэл засагт хамтарсан хоёр намдаа ч одоо хүртэл тогтоолоо хүргүүлээгүй бөгөөд Ардчилсан намын зүгээс уг тогтоолын албан ёсны хувийг албан бичгээр ирүүлэхийг МАН-аас шаардсан. Бага хурлын маргааш засагт хамтарсан гурван намын дарга уулзаж, гэрээгээ дүгнэнэ гэж байсан ч тэдний уулзалтаар юу яригдсан нь мөн л тодорхойгүй.
Нам байтугай хууль тогтоох байгууллага хэлэлцсэн хууль тогтоомжоо баталсан тогтоолыг тэр өдөртөө л олон нийтэд танилцуулдаг. Тэгэхээр тогтоолын төслийг боловсруулахад ийм их хугацаа орохгүй нь мэдээж. Харин АН-ыг засгаас гаргах үндэслэл нь арга ядсан болоод л хэрхэн тайлбарлах аргаа олж ядаж буй биз гэх хардлага төрж байгаа юм.
Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр уг тогтоолд дурдсан үндэслэлүүдийг тоймлон хүргэвэл:
Үүнээс гадна гурван нам хамтарч засгаа байгуулах үед хийгдсэн “хариуцлагын” гэх гэрээ байгуулсан гэх ч олон нийт байтугай засагт хамтарсан намуудын гишүүдэд олдохгүй, нууцлагдмал байгаа. Энэ гэрээний талаар хэвлэлийнхэн намын удирдлагуудаас асуухаар гэрээтэй танилцсан ч гэх ч яг ямар нөхцөлтэй болох талаар тоймтой юм хэлж өгдөггүй.
Ямартай ч , “Хариуцлагын гэрээ” байгуулсан гэдгийг АН-ын дарга Лу.Гантөмөр нэгэнтээ хэлсэн. Тэгэхээр гурван нам тодорхой үүрэг хүлээж, тэрхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэн нь ямар хариуцлага хүлээхийг заасан гэж ойлгогдож байгаа юм.
Одоо олон нийт гурван намын хооронд байгуулсан гэрээ болон МАН-ын Бага хурлын тогтоолыг ил болгохыг шаардах хэрэгтэй. Иргэн Дорж, Дулмаа нар эсвэл “А”, “Б” компани хоорондоо хамтарч ажиллахаар байгуулсан гэрээний тухай бид яриагүй. Бүхэл бүтэн туурга тусгаар улсын төрийг төвхнүүлэх тухай асуудал.
Хамтарсан засгийг ямар нөхцөлөөр хэрхэн байгуулсан хийгээд ямар үндэслэлээр тараахад хүрч байгааг ард түмэн мэдэх эрхтэй. Нууц байх тусам хор найрагддаг, хардлага дагуулдаг. Тиймээс хамтарсан Засгийн газар байгуулах гурван намын гэрээ болон Бага хурлын тогтоолоо ил болго, Л.Оюун-Эрдэнэ сайд аа!