Эдийн засаг
2025.05.26 18:34
2204
Д.Амгалан: Нүүрсний үнэ өсөх төлөвгүй байгаа тул өнөөдөртөө алтны олборлолтыг нэмэгдүүлэхээс өөр арга алга

Алтны үнэ өсөж буй энэ цаг үед Засгийн газраас олборлолтыг нэмэгдүүлэх замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн орлогын тасалдлыг тодорхой хэмжээгээр нөхөх бодлого барьж буй. Энэ талаар эдийн засагч Д.Амгалан ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Тэрээр:

2025 оны төсөвт нүүрсний экспортоос 11.6 их наядыг оруулна гэж тооцоолсон байсан. Гэвч үнэ нь унаснаар төсвийн орлого тасалдах нөхцөл байдал үүссэн. Цаашид ч сайжрах төлөв харагдахгүй байгаа. Тэгэхээр үүнийг нөхөхийн тулд алтны олборлолтыг нэмэгдүүлэх бодлого Засгийн газар барьж байна.

Алтны олборлолтыг нэмэгдүүлэхэд экспортын орлого нэмэгдэнэ. Валютын орох урсгал нэмэгдсэнээр нөөц ч нэмэгдэнэ. Бүс нутагт ажлын байр нэмэгдэх гээд эерэг үр дагаварууд гарна. Үүний зэрэгцээ байгал орчны бохирдол, хүн, малын амьдрах орчны эрүүл, аюулгүй байдал алдагдах зэрэг сөрөг үр дагаварууд ч гарах эрсдэлтэй тул зөрчлүүд үүснэ. Тэгэхээр юуны өмнө орон нутаг буюу нутгийн иргэдтэй ойлголцох шаардлагатай. Тэгээд хяналт маш чухал.

Яваандаа бол уул уурхайгаас хэт хараат байдлаас гарах хэрэгтэй. “А” хувилбар нүүрс, “Б” хувилбар алт гэдэг байдлаас салах ёстой. Энэ нь урт хугацаандаа эдийн засгийн баталгаа болж чадахгүй. Нэмүү өртөг өгдөг зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй явсны харгай өнөөдөр гарч байгаа юм. Өнөөдөртөө алтны олборлолтыг нэмэгдүүлж, урт хугацаанд өгөөжөө өгөх төслүүдээ хөдөлгөхөөс өөр арга алга гэв.