
Ливерпүүл клуб Премьер лигт түрүүлж Ялалтын парад хийж байх үеэр нэг автомашин баярлан жагсаж буй Ливерпүүлийн дэмжигчид рүү цөмрөн орж дайрчээ. 30 гаруй хүн мөргүүлж, дайруулж гэмтээд байна. Энэ цочирдом явдал хотын төвийн Water Street гудамжинд орой 18.00 цагийн үед болжээ. Ливерпүүлийн фэнүүд Премьер лигийн ялалтаа тэмдэглэн гудамжийг дүүргэсэн байв. Автомашин олон хүнийг мөргөж дайрсны дараа фэнүүд тал талаас нь бүчин зогсоож, жолооны ард явсан 53 настай цагаан эрэгтэйг цагдаа нар тэр дор нь баривчлан авч явжээ. Дөрвөн хүн хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн мэдээ ирж байна. Их Британийн Ерөнхий сайд Кер Стармер, Дотоод хэргийн сайд Иветт Купер нар нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, Мерсисайдын цагдаагийн газар уг хэрэг явдал ямар зорилготой байсныг судлан шалгаж эхэллээ. Гэрчүүдийн ярьж буйгаар, парадын үеэр автомашиныг хорьсон байхад нэг автомашин гарч ирээд түргэний машины хажууд ирж зогсчээ. Фэнүүд жолоочийг зэмлэж, буруутгаж улмаар арын цонхыг хагалсан бололтой. Олон хүний уур хилэнд түрэгдэж, бүслэгдсэн жолооч тэссэнгүй машинаа хөдөлгөн хүмүүсийг дайрчээ. Цагдаа нар парадыг тарааж, гудамжны хөдөлгөөнийг хориод байна.
