Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл энэ жил тохиож буй түүхт 90 жилийнхээ ойн хүрээнд төрөлх сумандаа олон томоохон бүтээн байгуулалтыг хийсэн билээ. Тус ажлуудын нэг болох сумын төвөөс гурван км зайд босгосон ирсэн гийчдыг угтах, үдэх хаалганы нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гишүүд оролцож будаг нь ханхалсан шинэхэн хаалгыг нутгийн удирдлагууд болон зон олонд нь хүлээлгэн өгсөн юм.
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гишүүн Ц.Мягмарсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Та бүхний түүхт 90 жилийнхээ ойд зориулан бүтээсэн угтах, үдэх хаалганы нээлт өнөөдөр болж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ хаалга маань Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн 90 жилийнхээ ойд зориулан хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудын маань нэг байгаа. Өнөөдөр бид түүхт 90 жилийнхээ ойн босгон дээр энэхүү хаалганыхаа нээлтийг хийж нутгийн зон олондоо хүлээлгэж өгч байгаадаа баяртай байна.
-Хаалган дээр маш том Динозаворыг дүрсэлсэн байна л даа. Энэ ямар утгатай юм бол оо?
-Бид энэхүү хаалган дээрээ маш олон зүйлийг дүрсэлсэн. Хамгийн дээд талд нь Баруунбаян-Улаан сумынхаа Арц богд, Их богд хайрханаа мөнх цастай нь дүрсэлсэн. Мөн элсэн манхануудаа болон Таацын цагаан нуураа дүрсэлж хийсэн. Харин голд нь байрлах Динозаворыг яагаад хийсэн бэ, гэхээр 1910-1920 оны үед Америкийн нэгдсэн улсын нэрт эрдэмтэн Эндриус манай нутагт ирж эртний ховор Динозаворын яснуудыг олж дэлхий нийтийн хүртээл болгож байсан юм байна лээ. Тийм болохоор бид хаалган дээрээ энэхүү Динозаворын дүрсийг оруулсан.
-Өөдлөх айл үүднээсээ гэдэг шүү дээ. Нутгийн иргэд маань ирсэн гийчдээ угтаж, үдэх шинэ хаалга барьж өгсөнд баярлалаа гэсэн үгийг та бүхэнд харамгүй хэлж байгаа харагдсан?
-Нутгийн маань иргэд бидний ажлыг өндрөөр үнэлж, баярласан сэтгэлээ илэрхийлж байгаад мэдээж баяртай байна. Энэхүү хаалга сумын төвөөс гурван км зайд байрладаг. Сая нээлтэн дээр нутгийн зөвлөлийн дарга Ч.Даваабаяр маань “10 жилийн дараа 100 жилийнхээ ойгоор манай сум гурван км өргөжиж энэ хаалганыхаа хаяанд ирэх болтугай” гэж ерөөсөн. Энэ ерөөл биелэлээ олоосой гэж хүсэж байна.