m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.27 11:12
8282
“Макроны шинэ хэрэг” хэлэлцүүлгийн дараагийн шатандаа оржээ

 

Эммануэль Макрон 2017 онд Францын төрийн жолоог атгахад л түүний хувийн амьдрал хэн бүгдэд сонин болж ирсэн юм. Тэрнээс насны хол зөрүүтэй гэрлэлт алийг тэр гэхэв, Ерөнхийлөгч болоогүй бол хэнд ч амьдрал нь сонин биш байх нь ойлгомжтой. Сурагч байхдаа дурлаад хожим нь 2007 онд албан ёсоор авч суусан эхнэр Брижит Мари-Клод Тронье нь хоёр ч үе мултарсан эгчмэд.

Макрон одоо 47-той, Брижит 72 настай. 1993 онд La Providence шашны сургуульд тэд анх таарахад Макрон 15-тай, театр, уран зохиолын багш Брижит 40-тэй байв. Макрон ч тун мэрийлттэй, онц сурдаг, зангарагтай сурагч байжээ. Багштайгаа театр, урлагийн талаар ярилцаж, хонгилд таарч хөөрөлдөж, хичээл, шалгалт гэж гүйсээр гүнзгийрч хайр дурлалын гал нь асчээ.

Тэдний харилцааг бүгд мэддэг болж сургууль даяараа шуугилдаж, Макрон нас биед хүрээгүй байсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болов. Хөвгүүний ээж аав илт дургүйцэж энэ романсыг төгсгөхөөр Парис руу шилжүүлсэн гэдэг. Харилцааг тасалж чадсан ч тэрхүү завсарлага богино үргэлжилжээ. Брижит багшаа хийсээр, гурван охиныхоо эцэг Андре Луигаас саллаа. Мань хоёрын харилцаа дууссангүй, захидал, нууц дуудлагаар үргэлжилж Макрон ч “Би чамдаа үнэнч” хэмээн ам тангарагаа өгч, эргэж уулзаад гэрлэнэ гэдгээ хэлжээ. Ийнхүү энэ харилцаа тасрахгүй үргэлжилсээр тэд 2007 онд гэрлэсэн.

Брижит 2006 онд албан ёсоор салж шинэ ханхүүгийн өмнө “жин тан” болсон байлаа. Шижигнэсэн улстөрч нэр хүндээ өсгөж, төрийн тэргүүнээр сонгогдоход 25 насаар эгч эхнэр нь багагүй нөлөөлсөн гэдэг. Гайхалтай уран зохиол болчихоор хайрын түүх ингэж бүтжээ. Уржигдрийг хүртэл тэр хоёр шиг бат бөх хос байхгүй байсан.

Харин Макрон Вьетнамд буухдаа эхнэртээ “мангасдуулсан”-аар “Энэ хоёр ер нь зүгээр үү”, “Ер нь хямралтай, хэрүүлтэй байдаг нь ингээд азаартлаа” гэх зэргээр шар, бор хэвлэлүүд шуугих шиг болж байна. Макрон дараа нь гарч ирж “Зүгээр л тоглож байсан шүү дээ” гэж хэлсэн ч хэн ч тэрэнд итгэсэнгүй. Энэ хоёр одоо яах бол, ер нь ийм зөрүүтэй гэрлэлт зөв үү, ямар вэ гэсэн маргаан дэгджээ. Брижит тухайн үед нас биед хүрээгүй хөвгүүнийг садар самуунд уруу татсан байж тун болзошгүй гэж олон ч удаа бичиж, хэрэгт татахыг уриалж байсан. Гэвч тэрийг нь нотлох хүн байхгүй тул тэгсхээд өнгөрч байсан талаар гаднын хэвлэлүүд онцолж байна.