Энэ сарын 23-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгсөн. Тус асуудлын талаар АТГ-ын комиссар Б.Билэгтээс тодрууллаа.
АТГ: Энэ сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн нарт холбогдох гомдол нэр бүхий иргэдээс гаргасан. Тус өдөр АТГ гомдлыг хүлээж аваад, хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Үүний хүрээнд холбогдох этгээдүүдээс тайлбар авах, холбогдох бусад баримт материалыг гаргуулан авах ажиллагаа явагдсан. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Одоо хяналт, шалгалтын ажиллагаа яг явагдаж байгаа тул хөрөнгө, орлогын талаарх мэдээллийг өгөх боломжгүй байна. Бид хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа.
Мөн авлигын эсрэг хуулийн 13.4-р зүйлд заасны дагуу Ерөнхий сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгт нь хяналт, шалгалтын ажиллагаа хийж эхэлсэн.
Шалгалтын ажиллагаа явуулах хуулийн хугацаа 30 хоног байдаг. Хэргийг 30 хоногоос өмнө шийдэж, сунгаж болно. Эсвэл хэрэг бүртгэлийн хэрэг нээх, татгалзах, өөр байгууллагад шилжүүлэх шийдвэр гарч болно. Мөн гомдлыг дахин 30 хоногоор сунгаж 60 хоног болгож болдог. АТГ-аас хяналт шалгалтын ажиллагаа явуулаад холбогдох процессын ажиллагааг явуулсан. Зөвхөн тухайн этгээдүүдээс авсан баримтаар дүгнэлт гарахгүй. Тиймээс холбогдох бусад байгууллагын ажиллагаа явагдана.