Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.28 12:26
1341
15-17 насныхан бүлэглэн 32 настай эрэгтэйн амийг хөнөөсөн байж болзошгүй хэргийг шалгаж байна

Энэ сарын 25-ны өдөр 32 настай эрэгтэй биедээ олон тооны шарх авсан байдалтай нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Харин тус хэрэгт 15-17 насны иргэдийг холбогдуулан шалгаж байна гэх мэдээлэл гараад байгаа юм. Тиймээс тус асуудлын талаар ЦЕГ-ын УСХ-ийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэгээс тодрууллаа. 

ЦЕГ-ын УСХ-ийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг: Энэ сарын 25-ны өдрийн 12:40 минутын орчимд БЗД-ийн 27-р хороо дунд Дарь-эхийн тоотод хүн зодуулсан байдалтай нас барсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.  Мэдээллийн хүрээнд харьяа дүүргийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн гарч шалгалтын ажиллагаа явуулсан. 

Урьдчилсан байдлаар уг хэрэгт 15-17насны 3 иргэнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа явагдаж байна. 

Одоогийн байдлаар амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээний байгууллагад холбогдох тогтоолыг хүргүүлсэн байгаа. Шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдана.