Дэлхийн тэргүүн баян Илон Маскийн Ангараг гаригийг байлдан дагуулах санаархлынх нь гол зэвсэг болсон SpaceX-ийн аварга пуужин Starship өчигдөр туршилтын сүүлчийн даалгавраа гүйцэтгэхээр хөөрлөө. Гэвч хөөрснөөс хойш хагас цагийн дараа хөлгийн хоёрдугаар шатлалын пуужин хяналтгүй болсон мэдээ ирж байна. Starship хөлөг газраас удирдах боломжгүй агаар мандалд ороод дэлбэрсэн, магадгүй Энэтхэгийн далайд унасан байж магадгүй байна. Сансрын хөлгийн өмнөх хоёр гаралт дэлбэрэлтээр дууссан билээ. Урьд өмнө хаана ч байгаагүй том, хүчирхэг тийрэлтэт хөлөг Техасын өмнөд хэсгийн нэгэн тосгоны ойролцоох Starbase баазаас орон нутгийн цагаар 18:36-д хөөрчээ. 123 метр өндөр Starship хөлөг нь дэлхийн хамгийн хүчтэй, хамгийн том пуужин бөгөөд Илон Маскийн мөрөөдлийг биелүүлэх гол түлхүүр гэгдэж байгаа. South Padre арал дээрх Цагаан арал цэцэрлэгт хүрээлэнгээс хэдэн арван хүн пуужин хөөргөлтийг үзэж сонирхлоо. Австралийн иргэн Пирс Даусон “Үүнийг л харах гэж хүлээлээ. Амжилттай хөөрөхийг л хүлээсэн. Үнэхээр сэтгэл хөдөлгөм юм байна. Үүнийг харах гэж гэр бүлээрээ амралтаа аваад ирсэн. 15 настай хүүгээ сургуулиас нь чөлөө аваад ирлээ” хэмээн ярилаа. Өчигдрийн хөөргөлт нь SpaceX-ийн ес дахь нислэг. Өмнөх хоёр нислэг нэг, гуравдугаар сард болж Карибын тэнгисийн өндөрлөгт гараад сүрлэг сайхан дэлбэрээд дууссан. Тэрбумтан Илон Маск Ангараг гаригийг хангалттай судлан шинжлэх, цаашлаад хүн амьдрах боломжийг эрэлхийлж мөнгийг хайр гамгүй цацсаар байна. Starship хөлгийг бүтээхэд 10 тэрбум доллар орсон бол, Техас дахь Starbase бааз гурван тэрбум доллараар босчээ.