АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн өдрүүдэд Оросын лидерийг зэмлэсэн хэд хэдэн хатуу мэдэгдэл хийлээ. Тухайлбал, тэрээр Путинийг “Галаар наадаж байна”, “Оросын лидерийн ухаан санаа нь самуурчээ” хэмээн мэдэгдсэн юм. Оросын арми Украин дээрх довтолгоогоо илт эрчимжүүлж, сүүлийн гурван хоногт 350 дрон, арваад далавчит пуужингаар довтолжээ. Нэг үгээр, оросууд Трампыг үл тоож байгаагаа дахин нэг харуулсан юм. Үүний дараа АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч гарч ирж мэдэгдэл хийхдээ “Кремлийн удирдагчид хаягласан АНУ-ын Ерөнхийлөгчийн сүүлчийн мэдэгдэл нь Украины нөхцөл байдлын талаарх хувийн санаа зовнилынх нь илэрхийлэл” гэв. “Ерөнхийлөгч шударга, урт удаан энх тайван руу тэмүүлж байгаа. Хямралыг шийдвэрлэх дипломат арга замд хүргэх ямар ч механизмыг тэр дэмжиж байгаа” хэмээн Тэмми Брюс ярилаа. Одоо байлдаад Украины хямрал шийдэгдэхгүй, зөвхөн дипломат арга замаар л зогсоож чадна хэмээн нэмж хэлэв. Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков Трампын мэдэгдлийн талаар мөн л иймэрхүү зүйл ярьжээ. “Тэр жаахан бухимдсан байх, ойлгож байна. Энхийн үйл явц, яриа хэлэлцээг эхлүүлэх гэж Америкийн тал их хүчин чармайлт гаргасан. Энэ бол бас чухал ололт. Бид америкуудад болон тэр тусмаа Ерөнхийлөгч Трампт яриа хэлэлцээг эхлүүлж чадсанд ихээхэн талархалтай байгаа. Маш хариуцлагатай цаг үе ирээд байгаа тул хэн хүнгүй түгшил, зовнилд автах нь гарцаагүй” хэмээн Песков ярилаа. Ерөнхийлөгч Путин үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ авч байгаа, Украины газар нутагт цохилт өгсөөр байгаа нь Киевийн ааш араншинд л хариу өгч байгаа явдал гэдгийг сануулав. Украины тал Оросын иргэний болон нийгмийн байгууламжид цохилт өгч, Москва хариуг нь барьж байгаа аж. Өчигдөр Украин улс гал зогсоох болзол, нөхцөлөө жагсааж АНУ-д хүлээлгэж өгсөн хэмээн Дональд Трампын тусгай элч Кит Келлог мэдэгдлээ. Одоо Оросын тал нөхцөлөө, эсвэл санамж бичгээ танилцуулбал хоёр талын нөхцөлийг нийцүүлэх, шинэ уулзалт зохион байгуулах ажилдаа орно хэмээн тэрээр онцоллоо.