Засгийн газар огцрохыг эсэргүүцсэн иргэд хуурай өлсгөлөн зарлаад 40 орчим цаг болж буй. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүхэд хандан гэрээслэл хүргүүлж буй талаараа мэдэгдлээ. Мэдэгдэлд:
Монгол Улсын тусгаар тогтнол, ард иргэдийн эрх ашиг, шударга ёс, нийгмийн тогтворттой байдал гүн гүнзгий доройтолд орж, төрийн үйл ажиллагаа олигархи бүлгийн хяналтад бүрэн орсон өнөө цагт бид энэхүү гэрээслэлийг танд хандан бичиж байна.
Л.Оюун-Эрдэний тэргүүлсэн ЗГ шударга ёсны төлөө тэмцэж, үндэсний баялгийг ард түмэндээ зориулах үйл ажиллагаа явуулж байгаа ч дотоодын эр ашигт сүлбэлдсэн бүлэглэлүүдийн эсэргүүцэл, нийгэмд үүсээд буй бухимдал, талцал, үл итгэлцэл уг зорилгыг тасралтгүй замхруулж байна. Иймд танаас дараах гурван зорилтыг анхааран хэрэгжүүлэхийг танд гэрээсэлж байна. Үүнд:
Монголын олигархи бүлэглэлийг устгах, монголын төрөөр үе үеэрээ тоглож, үндэсний баялгийг хувийн ашиг сонирхолдоо ашиглаж ирсэн олигархи бүлэглэлийг илрүүлэн, хариуцлага тооцох, эрх мэдэл, эд баялгийн хуйвлалдааныг таслан зогсоох;
Ухаа худаг, Хармагтай зэрэг стратегийн ордуудаас эхлэн, улсын мэдлийн зохих хувийг авч, Үндэсний баялгийн санг бодитоор бүрдүүлэн, үр өгөөжийг ард иргэдэд хүртээх;
Хууль бус хөрөнгө, орлогыг хураах. Төрийн албан тушаалтнуудын хууль бус орлогыг ил тод нэхэмжлэх, хураан авах тухай хуулийг яаралтай горимоор УИХ-аар хэлэцэн батлуулах;
“Баялагтаа эзэн Монгол” гэсэн үзэл санаагаар төрийн тэргүүнээр сонгогдсон Ерөнхийлөгч таныг хэлсэн үгэндээ эзэн байж, ард иргэдээсээ нүүр буруулахгүй гэдэгт бид чин сэтгэлээсээ итгэж байна.
Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалд намуудын Бага хурал УИХ-ын бүрэн эрхээс дээгүүр шийдвэр гаргаж байгаа нь хуучин социолист улс төрийн товчооны сүүдэр мэт харагдаж, олон түмний жигшлийг төрүүлж байна. Энэ бол Ардчилсан төрийг ганхуулахуйц үзэгдэл юм.
Бид хуурай өлсгөлөн зарлаж, өөрсдийн амь нас, эрүүл мэндээр энэхүү шаардлагаа илэрхийлж байгаа бөгөөд энэ нь эцсийн арга хэмжээ гэдгийг хүлээн авна уу. Энэхүү шаардлагыг үл тоон, цаашид амь нас эрсдэх нөхцөл үүсвэл түүний хариуцлагыг Танаас шаардах болно гэдгийг энэхэү гэрээслэлээр баталгаажуулж байна гэжээ.