Хараат бус мэдээллийн YucaByte сайтыг үндэслэгч, 2016 оноос хойш эх орноосоо гадуур амьдарч байгаа Кубын инженер Норхес Родригес, сэтгүүлч Синтиа де ла Кантерагийн хамтаар Кастрогийн гэр бүлийн бизнесийн сүлжээг илрүүлэн нийтлэл бичжээ. Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн хүүхдүүд, хамааралтай хүмүүсийн бизнес харилцаа холбооны салбар, шар айраг, текила, бүр нүүрсний салбарыг ч хамарч байна. Тэдгээр бизнесийн салбар, цар хүрээ АНУ, Мексик, Панам, Испани, Их Британи, Швецарьт хүрсэн аж. Нэг жишээ дурдахад, 2013 оноос эхлэн Кубын эрх баригчид Куба дахь гар утасны ярины төлбөрийг гадаадад байгаа хамаатан саднаар нь төлүүлэх, нэгжээр цэнэглүүлэх ажлыг эхлүүлжээ. Кубад байдаг хүмүүс Майамид байдаг хамаатан садантайгаа утсаар ярихыг хүсвэл Майамид байгаа хүмүүсээр гар утсанд нь нэгж хийлгэнэ. Куба дахь харилцаа холбооны системийг монопольчилдог төрийн мэдлийн ETECSA компани энэ зөвшөөрлийг олгож, гар утсыг гадаадаас цэнэглэж байгаа 20, 100 долларыг төвлөрүүлнэ. Энэ "арга хэмжээ"-ний хүрээнд Куба дахь гар утаснуудыг гадаадаас цэнэглэх мөнгөн дүн жилд 1.6 тэрбум долларт хүрдэг байна. Төр оролцсон энэ "бизнес"-ийн ард хэн байгааг судлаад үзэхээр Кастрогийн гэр бүлийнхэн заавал байж байдаг ажээ. Гар утсанд нэгж хийлгэх бизнесийг Рауль Кастрогийн ач Эктор Кастро Сантана баздаг болохыг сэтгүүлчид олж мэджээ. Тэрээр мөн Кубад шар айраг, текила импортлодог, Европ руу нүүрс гаргадаг компанитай ч холбоотой байв. Мөн Сандро Кастро Артеага, Маркос Аморос хэмээн Фиделийн хоёр ач хүү эдгээр наймаанд голлох үүрэгтэй оролцдог аж. Фидель Кастрогийн гэр бүлийн гишүүн байснаар тэрхүү наймаа амжилт олох нь баталгаатай гэсэн бичигдээгүй хууль Кубад үйлчилсээр байна.