Ч.БОЛОРТУЯА: Тогтоолын төслийн цаад зорилго нь Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал болохыг гишүүд ойлгож, бэлдсэн томьёоллоор санал хураахыг эсэргүүцсэн

Энэ сарын 21-нд болсон МАН-ын Бага хурлын VI хуралдааны уур амьсгал болон тэнд яригдсан асуудлын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний зөвлөх Ч.Болортуяа ийн тайлбарлажээ. Тэрээр:
- Ерөнхий сайдын хувь хүний асуудал хөндөгдөж байхад яагаад хамтарсан засгийн газрын асуудлыг МАН Бага хурлаараа авч хэлэлцэх болов гэдгийг олон нийт одоо ч гайхсаар байна. Миний хувьд ч энэ шийдлийг гайхаж байсныг нуух юун. Гэвч Бага хуралд үг хэлсэн 40 гаруй хүний үгнээс хамтарсан Засгийн газар нь улстөрийн намын хувьд өрсөлдөгч улстөрийн хүчнээ бэхжүүлж байна гэдэг намын гишүүдийн мэдрэмж, мэдээлэл анхан, дунд шатандаа үнэхээр хурцадмал асуудал болсныг тэндээс ойлгов. Тиймээс ч нам Ерөнхий сайдын асуудал хөндөгдсөн энэ хугацаанд дээрх жил орчим хуримтлагдсан асуудлаа шийдэнгээ ЕС-ын асуудлыг шийдээд авъя гэх зорилготой хуралд сууснаа бүх хүн ойлгохоор байсан биз ээ.
- Хурлын үеэр намын гишүүдийн зүгээс Ерөнхий сайдын хүүгийн асуудал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой эсэх, Б.Баатар найруулагчийн тухай, гэр бүлийн байдал болон УИХ-ын сонгуульд намын бус хүмүүсийг дэвшүүлсэн зэрэг асуулт тавиахд Ерөнхий сайд бүрэн гүйцэд хариултууд өгсөн. Ерөнхий сайдын хүүгийн асуудлаар талбай дээр эсэргүүцэл илэрхийлж байгаад Ерөнхий сайд “Миний хүүгийн асуудлыг хуулийн байгууллага шалгаад хариу нь гарах байх аа. Миний хувьд орлогоо нотолно. Орлогоо нотлох ёстой гэсэн залуусын шаардлагад хүндэтгэлтэй хандаж байгаа. Ийм эргэлзээтэй асуудал үүсгэсэндээ олон нийтээс уучлалт гуйсан. Намын нөхдөөсөө ч уучлалт гуйж байна. Хувь хүний асуудалд та бүхэн эргэлзэх хэрэггүй, үнэн мөнөөрөө тогтоогдоод гараад ирнэ” гэдгээ хэлсэн. “Б.Баатар найруулагчийн тухайд энэ хүн миний төрсөн ах нь үнэн харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоо, хамааралтай гэж намайг ярьдаг яриа бол домог юм”. Гэр бүлийн тухайд “Би Бэрхэд нүүж очсон цагаас хамар хашааны, нэг ангийн охинтойгоо гэр бүл болж өнөөдөр бид гурван хүүхэдтэйгээ амьдарч байна. Гэр бүлийн хүнийг маань Б.Туул гэдэг”. Нам бус хүмүүсийг УИХ-д дэвшүүлсэн нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг “амилуулах” парламентыг салбар бүрийн төлөөллөөс бүрдүүлэх үндсэн зорилготой. Энэ нь МАН-ын шинэчлэлд ч тустай. Гаргасан шийдвэртээ би үргэлж баяртай байдаг зэргээр хариулсан хариултыг хуралд суусан бүгд гэрчлэх байх аа.
- Хурлын үеэр Ерөнхий сайд намын гишүүдийн хэлсэн санал, асуултад хариулах үедээ Хамтарсан засгийн газар одоогийнхоороо явах, эсэх намд сөрөг нөлөөтэй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн тал орчим нь, Бага хурлын гишүүдийн ч бараг тал нь үзэж байх шиг байна. Миний хувьд хамтралын давуу талууд буюу олон жил гацсан төсөл, хөтөлбөрүүд эхнээсээ хэрэгжиж эхэлсэн тухай хэллээ. Мөн улс төрийн намын хувьд сөрөг талууд ч байгааг хэллээ. Та бүхэн өөрийн оюун бодолдоо тунгаагаад шийдвэрээ гаргаарай гэв. Гэхдээ хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт “Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх зарчмыг үнэт зүйлээ болгон” тусгасныг онцолсон. Одоогийн хамтралд хүрэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд миний зүгээс маш их хүчин чармайлт гаргасан, Ардчилсан нам, ХҮН намын хувьд ч маш том зориг, тэвчээр гаргасан учир та бүхэн одоогийнхоороо явах боломжгүй гэж үзвэл би ёс зүйн хариуцлага хүлээж огцрох нь зөв сонголт болно. Гэхдээ улс орны эрх ашгийг бодолцон одоогийн хамтралыг үргэлжүүлбэл би итгэл хүлээн ажлаа үргэлжлүүлнэ ээ гэж хэлсэн.
- Дээрх мэдэгдлийн араас Бага хурлаас гарах анхнаасаа бэлдсэн Тогтоолын төсөл (сошиалд задарсан), мөн саналын томьёолол буюу “Хамтарсан засгийн газрын гэрээгээ зөрчсөн улстөрийн намыг засгаас гаргаж, ШИНЭЭР Засгийн газар байгуулахыг дэмжих үү?” гэсэн саналын томьёолол болон тогтоолын төслийн цаад зорилгыг сая л нэг юм буюу хамтарсан засгийн газрыг бутаргах эсэхэд саналаа өгөх нь Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал болохыг ойлгоцгоож, бэлдсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахыг Бага хурлын гишүүдийн дийлэнх нь эсэргүүцсэн. Нэгэнт заал анх бичигдсэн саналын томьёоллоор санал хураалт явахааргүй болсон тул завсарлага зарлав.
- Завсарлагын эцэст Ерөнхий сайд тайзан дээр гарч ирээд “Одоогийн саналын томьёоллоор санал хураах нь намайг огцруулах эсэх болон бусад олон салаа утгыг агуулаад байна гэсэн та бүхний болгоомжлолыг ойлгосон учир эхлээд та бүхнээс тавьсан гэрээг зөрчсөн намыг гаргах эсэхээр санал хураагаад өнөөдрийн хурлыг хаая. Та бүхний гаргасан саналын үр дүнгээс хамаараад миний хувьд хамтарсан намуудтайгаа асуудлаа зөвшилцөж, дараагийн шийдвэрээ гаргая” гэж хэлээд санал хураалтыг зөвхөн гэрээ зөрчсөн улстөрийн намыг Засгийн газраас гаргахыг дэмжих үү гэсэн агуулгаар санал хураалт явуулж, 61 хувь нь үндсэндээ гэрээ зөрчсөн намыг гаргахыг дэмжсэн гэсэн үг хэмээн нүүр номдо бичжээ.