2025 оны эхний улирлын байдлаар Монгол Улс төсвийн орлого тасалдах эрсдэлтэй нүүр тулж, Засгийн газар “Алт” хөтөлбөрийг дахин сөхөж эхэлсэн. Монголбанкны валютын нөөц, гадаад худалдааны алдагдал, ам.долларын ханшийн савлагаа зэрэг макро хүчин зүйлс алтны салбарыг ахин анхаарлын төвд оруулсан гэхэд болно.
1992-1999 онд хэрэгжүүлсэн “Алт-1” хөтөлбөр нь нийгэм солигдох үед тулгарсан эдийн засгийн хүндрэлээс гарахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн бол 2000-2010 оны хооронд хэрэгжүүлсэн “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд энэ салбарын орлого нь ДНБ-ий 20 орчим хувийг, улсын төсвийн орлогын арав шахам хувийг бүрдүүлж байжээ. Харин өнөөдөр уул уурхайн салбар дахь нийт ашиглалтын тусгай зөвшөөрлийн 30 гаруй хувийг алтны лиценз эзэлж байгаа ч улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлсэн орлогын дөнгөж дөрвөн хувийг бүрдүүлж байгаа нь хангалтгүй юм. Тэгэхээр нэгж лицензээс авах олборлолтын хэмжээ болон үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай.
Алт олборлолтыг нэмэгдүүлснээр гадаад валюттай харьцуулах төгрөгийн ханшийг чангаруулахаас гадна мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх эерэг нөлөөтэй байдаг.
Тэгвэл Монголын алтны ард хэн хэн байдгийг харцгаая. Төр, бизнес эрхлэгчид, бичил уурхайчид гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагддаг энэ салбарын бүтцэд сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Хэдийгээр Үндсэн хуулийн 6.2-т "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн." хэмээн заасан байдаг ч бодит байдал дээр бидний баялаг лиценз хэмээх алга дарам цаасаар хэдхэн компани, хэдхэн гэр бүлийн эзэмшилд оччихсон байгаа. Тухайлбал:
Төр оролцогчоос тоглогч болж хувирсан. “Эрдэнэс Алт Ресурс” ХХК болон “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд сүүлийн жилүүдэд стратегийн орд, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг төвлөрүүлж эхэлсэн.
Гэсэн хэдий ч хувийн томоохон компаниуд алтны олборлолтын 70 гаруй хувийг хянаж байна. Тухайлбал, “Бэрэн групп”, “Майн Инженеринг зэрэг компанийг нэрлэж болох юм. Мөн “Эрдэнэс алт ресурс” зэрэг төр, хувийн хэвшил түншлэн, хамтарч олборлолт хийдэг хэсэг ч байна. Түүнчлэн оффшор бүсээс санхүүжилттэй, гадны компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа нь санхүүгийн хяналтгүй орон зайг улам томруулж байна гэж зарим эдийн засагч үзэж буй.
Бичил уурхайчид энэ салбараас шахагдаж буй. 2016 оноос эхлэн Монголбанканд иргэдийн худалдсан алтны хэмжээ ААН-үүдийнхээс давж байсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид лицензийн талбайгаа түрээсээр ашиглуулж, Монголбанканд тушаахдаа хувь хүн дээр бүртгүүлж байсантай холбоотой гэдэг. Нийт 40,000 орчим хүнийг хамарсан бичил уурхайд хяналтгүй олборлож, татвараас зайлсхийх зэрэг сөрөг хандлага хэвээр байсаар байгаа тул ерөнхийдөө энэ салбараас шахагдаж байгаа.
Сүүлийн таван жилд хийгдсэн тусгай зөвшөөрлийн шилжилт, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг, компанийн өмчлөгчийн бүтэц зэргээс харахад нөлөө бүхий улстөрчид алтны ар дахь бодит эзэд болсон дүр зураг харагдаж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 31 компани эзэмшдэг бөгөөд эдгээр дотор “Хурдмайнинг” ХХК, “Нэшнлмайнинг групп” ХХК зэрэг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд багтдаг.
Олон улсын зах зээлд ам.доллар суларч байгаатай зэрэгцэн, алт стратегийн хэрэгсэл болж, үнэ цэн нь улам нэмэгдэж байгаа энэ үед алтны төлөөх “лобби” улам хүчээ авч байгаа. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 5.7-д заасан “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглоно.” гэсэн заалтыг хасуулах лоббиг хийж буй.
Алт нь гадаад валютын эх үүсвэр төдийгүй улс төр, эдийн засагт ч үнэт капитал болох болсон. Тиймээс төр өөрөө “тоглогч” болж, улстөрчид “алтны ард” нуугдаж, санхүүгийн далд бүтэц угсрагдаж байна гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр энэ салбарт ил тод байдлыг бэхжүүлж, зах зээлийг хянах шаарлага тулгарч байгаа юм. Үүнийг төр хийхгүй бол өөр хэн хийнэ гэж?