Хавдрын өвчлөл жилээс жилд өсч, нас баралтын тоогоороо дэлхийд толгой цохиж байгаа манай улс эмнэлгийн хүртээмжээ нэмэгдүүлэхээр зорьсон ч тодорхойгүй шалтгаанаар байгаа боломжоо ашиглаж чадахгүй өдийг хүрлээ.
Тухайлбал, ХСҮТ-ийн өргөтгөлөөр "IV эмнэлэг"-ийн барилгыг лизингээр авах эхний удаагийн төлбөрт 17 тэрбумыг Засгийн газар энэ оны төсөвт суулгасан. Гэтэл Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ IV эмнэлгийн барилгыг борлуулж, өр төлбөрөө гаргаж авах дээр хойрго хандаж, асуудлыг удаашруулж байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж буй.
Энэ асуудлаар Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Анараас тодрууллаа.
-Эрүүл мэндийн яамнаас Хавдрын эмнэлгийн өргөтгөл болгож "IV эмнэлэг"-ийг худалдан авах тендерийг энэ оны гурав, дөрвөн сард хоёр удаа зарласан. Гэвч "Хөгжлийн банк" оролцоогүй. Одоо зарлагдаад байгаа гурав дахь тендерт орохгүй бол ХСҮТ өргөтгөлтэй болох эсэх нь эргэлзээтэй байна. Таныг эс үйлдэхүй үзүүлж, энэ асуудлыг гацаагаад байна гэх хардлага байна?
- Хавдрын эмнэлэгтэй болохыг эсэргүүцэх хүн гэж байхгүй шүү дээ. Миний хувьд ч ижил. Нэгдүгээрт, Хөгжлийн банканд дээрх тендерт орох ёстой гэж мэдээгүй. “Ачлал трейд” ХХК ЭМЯ-ны тендерт ороод, мөнгөө Хөгжлийн банканд төлөх юм байна гэж ойлгож байсан.
Хоёрдугаарт, Хөгжлийн банкны ТУЗ-ын гурван гишүүнийг өнгөрсөн гуравдугаар сард ажлаас нь чөлөөлж, тавдугаар сарын 21-нд томилсон.
Гуравдугаарт, ХСҮТ-ийн өргөтгөлөөр "IV эмнэлэг"-ийн барилгыг лизингээр авах эхний удаагийн төлбөр болох 17 тэрбумыг төсөвт суулгахдаа хөрөнгө оруулалт бус урсгал зардал дээр тавьсан байгаа юм. Урсгал зардал дээр тавигдсан төлбөр дараа нь яаж үргэлжлэх вэ гэдэг тодорхойгүй байна. Энэ өөрөө эрсдэл.
- Эрүүл мэндийн яамнаас гурав дахь удаагаа тендер зарлачихлаа. Энэ удаа яах вэ. ЭМЯ-ны тендерт орох зөвшөөрлийг ТУЗ шийдвэрлэнэ шүү дээ. Хэзээ ТУЗ хуралдах вэ?
-Баасан /2025.05.30/ гарагт хурал зарласан. Энэ асуудал дээр ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй ээ гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Бид хууль, журмаа мөрдөж ажиллах учиртай.