УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироос Засгийн газрын талаар байр суурийг нь тодрууллаа.
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал УИХ дээр орж ирвэл Та ямар байр суурь илэрхийлэх вэ?
Эхлээд цүнхний асуудал үүссэнээ сүүлдээ засаг огцрох асуудал болоод явчихсан. Монголын төр цүнхнээс болж огцордог, тийм эмзэг баймааргүй байна. Ерөнхий сайд орлогоо нотлоод, АТГ шалгаад, хүү нь мэдүүлгээ өгөөд явж байгаа юм билээ. Тэр нь нотлогдоо ч үгүй байхад Бага хурлыг хуралдуулж, шийдвэр гаргасан нь хэтэрхий түргэдчихэв үү дээ гэж бодогдож байгаа.
Миний хувьд Засгийн газрыг тогтвортой байх ёстой гэсэн байр суурььтай байгаа. Энэ Засгийн газар өөрчлөгдлөө гэхэд дараагийн Засгийн газраас хүлээх юм байхгүй шүү гэдгийг би өмнө нь ч хэлж байсан. Ийм хүчтэй сөрөг хүчинтэй үед манай нам дангаараа засаг барих маш хэцүү. Сайд болъё гэж гүйлдэж байгаа улс байгаа байх. Тэр хүмүүс сайд боллоо ч гэсэн ажил хийж чадахгүй. Өнөөдрийн байдлаа хар л даа, УИХ, Байнгын хороод хуралдах гэж ирц бүрдэхгүй байна шүү дээ. Тэгэхээр цаашид парламентын босго давж батлагдах хууль гэж байхгүй болно. Оны эцэст төсвөө батлуулж чадахгүй байдалд хүрнэ шүү. Энэ нь Их хурал тарах хэмжээнд хүргэхийг үгүйсгэхгүй. Нөгөө л ерээд оны үеийнх шиг төр засгаараа тоглодог байдал давтагдах вий. Эцэстээ ард түмэн л хохирно. Хэсэг бүлэг хүмүүсийн сайд болж тоглох мөрөөдлөөс илүүтэй улс орныхоо том эрх ашгийг бодмоор байна.
Танай нам дангаараа засгаа байгуулах боломжой суудалтай шүү дээ. Яагаад заавал хамтрах ёстой гээд байгаа юм бэ?
Би АН, Хүн намд хайртайдаа биш. Гадаад, дотоод хүчин зүйлс, улс орны эдийн засгийн нөхцөл байдлаа дүгнээд үзэхээр үүнээс өөр сонголт алга.
Хамтарсан Засгийн газарт дутагдалтай тал, ажлаа сайн хийж чадахгүй байгаа сайд нар бий юу гэвэл бий. Гэхдээ хамтарч байж, ажил явах юм байна гэдгийг хоёр дахь удаагаа парламентад сууж байгаа хүний хувьд харж байна. 68 намын гишүүндээ итгэхгүй байгаа юм уу гэж асуудаг. Энэ бол зүгээр л тоо. 68-уулаа гар өргөж баталдаг асуудал гэж хэзээ ч байхгүй. Үзэл бодлын зөрүүтэй байдаас болж. Заавал сөрөг хүчнүүдээс дэмжлэг хэрэгтэй байгаа нь харагддаг. Тиймээс хэлэлцсэн хуулиудыг батлахад маш хэцүү нөхцөл байдал үүснэ. Төсөв санхүү цаашид хүндэрнэ. Тиймээс сайн ч, муу ч энэ хоёр намтайгаа хамтраад засгаа байгуулаад явахаас өөр гарц алга.
УИХ-аас ямар ч шийдвэр гарсан АН бол засгаас гарна гэдгээ мэдэгдчихсэн. Тэгэхээр ИЗНН эсвэл Үндэсний эвслээс засагт оруулах боломжтой гэж харж байна уу?
Манай Бага хурлын шийдвэр нь АН-гүйгээр засгаа байгуулж, төрөө удирдах асуудал. Цаашид хамтарсан засаг байгуулах эсэх асуудал нь нээлттэй байгаа. Дангаараа явах нь ч нээлттэй. Үнэхээр АН өөрсдөө өргөдлөө өгөөд засгаас гарна гэх юм бол ЗГ шууд огцорно. Тиймээс АН үнэхээр засгаас гарах юм бол энэ ЗГ өөрчлөгдөөд явахаас аргагүй байдал хүрнэ.
Шууд дамжуулалт үзэх: