“Сэлбэ” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Уг төслийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны бүтээн байгуулалтын нээлт маргааш эхлэх юм.
Нийслэлийн ЗДТГ-аас Сэлбэ дэд төвийн барилгын эхний ээлжийн тендерийг хоёр багц болгон зарлаж, Багц 1-т БНХАУ-ын Си Эс Эм Си ХХК 373,298,048,361 төгрөг, Багц 2-т China Construction Sixth Ergineering Bureau Corp Ltd ХХК 448,685,799,322 төгрөгийн саналаар ялаад буй.
Уг тендерт нийт 14 компани оролцсон бөгөөд монгол компаниудын зүгээс "Биднийг зориудаар тендерт орох боломжгүй байдал үүсгэж, хүнд шалгуур нөхцөл тавьсан. Хятадын компанид давуу байдал олгосон” хэмээн төрийн гурван өндөрлөг болон холбогдох яамдад шаардлага хүргүүлсэн байдаг.
Сэлбэ дэд төвд 10063 айлын орон сууц ашиглалтад орж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд Нийслэл хотын анхны 20 минутын жишиг хот болох юм.
Тиймээс уг төслийг богино хугацаанд, амжилттай хэрэгжүүлэх нь эн тэргүүний асуудал болоод байна. Төвлөрөл ихтэй Улаанбаатар хотод дахин төлөвлөлт хийж, гэр хорооллыг орон сууцжуулснаар утаа, түгжрэл зэрэг нийгмийн асуудал багасах бодит үр дүнтэй.
НЗДТГ-аас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх 31 байршил, 88 хэсэгчилсэн талбайг баталсан байдаг. Тус байршлуудад батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд нийт 34 компани шалгарсан ч 2025 оны эхний хагас жилийн байдлаар 16 байршил 38 хэсэгчилсэн талбайд 3464 нэгж талбарын газар чөлөөлөлт хийгдсэн бөгөөд хэрэгжилт 15 хувьтай байна.
Улмаар 20,822 айлын орон сууц ашиглалтад орж, хэрэгжилт 20 хувьтай буюу төсөл удаашралтай байгаа юм. Үүнээс харахад томоохон төслүүдийг төлөвлөсөн хугацаандаа чанартай гүйцэтгэх асуудал хөндөгдөж байна.