Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2025.05.28 20:42
1220
Н.Учрал: Захиалагчаасаа мөнгийг нь авсан ч давах эрхгүй шугам бий шүү гэдгийг сануулъя

Улс төрийн хүрээнд үүсээд буй асуудалтай холбогдуулан дараагийн Ерөнхий сайдаар томилогдож болохуйц улс төрчдийн нэрс яригдаж эхэлсэн. Үүнд ЗГХЭГ-ын дарга Н.Учралын нэр дурдагдсан бөгөөд түүнийг илтэд гүтгэсэн байж болзошгүй мэдээллүүд хөвөрч буйтай холбогдуулан өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар, мэдээлэл хийлээ.

Н.Учрал: Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга миний бие улс төрд үүссэн нөхцөл байдлыг үл харгалзан, өдөр тутмын ажил үүргээ явуулж байна. Улс орны амьдралд завсарлага байдаггүй.

Тийм ч учраас Засгийн газар төрийн хууль, ард түмний өмнө хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлж, ажлаа хийж, асуудлаа шийдэж байна.

Гэтэл улс төрийн нөхцөл байдлыг ашиглан, зохион байгуулалттай, өндөр төлбөр мөнгөтэйгөөр Төрийн тэргүүн болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийн дунд элдвээр яс хаях, холбож гүтгэх нь хэр хэмжээнээс хэтрэн хальж байгаад нэн харамсаж байна.

Нэр бүхий сайтууд Монголчуудын ёс жудаг, хүн чанарыг умартан, хэнд ч тохиодог, туулж давдаг зовлон бэрхшээлийг хүртэл хараал зүхэл болгон эрээ цээргүй аашлахаа зогсоохыг хүсэж байна.

Захиалагчаасаа мөнгийг нь авсан ч гэлээ хүний эрхийг гишгэж болохгүй хэм хэмжээ, баримт нотолгоонд үндэслэж, бодит үнэнийг мэдээлэх давах эрхгүй шугам бий шүү гэдгийг сануулъя.

Нэгэн цаг үед адилхан Монгол хүн болж төрсөн, хайрлах эх орон нэгтэй, ээж аав, хань ижил, үр хүүхэдтэй атлаа биесээ хүмүүн бусаар харааж зүхэлгүй, эргээд уулзах нүүртэй, ахиад учрах боломжтой үлдэцгээе!