МАН-ын Бага хурлаас хойш найм хоног өнгөрлөө. Энэ өдрүүдэд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэзээ УИХ-д оруулж ирэх нь вэ гэдгийг улс төр сонирхогчид анхааралтай ажиглан хүлээж буй. Учир нь хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах Бага хурлын шийдвэрийг УИХ эцэслэн шийдвэрлэх эрхтэй.
Үүсээд байгаа нөхцөл байдал нь цаашид 1990-ээд оны АН-ын түүхийг давтах эрсдэлтэй харагдаад байгаа юм. Түүх сөхье. Ардчилсан нам анх 1996 оны УИХ-ын сонгуулиар олонх болж, засгийн эрхийг гартаа авахдаа дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа Засгийн газраа огцруулж, үүрэг гүйцэтгэгчтэйгээ нийлээд дөрвөн Ерөнхий сайдын нүүр үзэж байсан түүхтэй.
Хэдийгээр энэ сонгуулиар МАХН-ын 75 жилийн ноёрхлыг таслан зогсоож, Монголын ардчиллын түүхэнд шинэ хуудас нээсэн ч энэ нь маш тогтворгүй, дотоод зөрчлөөр дүүрэн, хүндхэн эхлэл байсан юм.
Ардчилсан нам парламентад олонх болсны дараа эхлээд М.Энхсайханыг Ерөнхий сайдаар томилсон. Гэвч М.Энхсайхан эдийн засгийн хүндрэлийг даван туулах дорвитойхон бодлого гаргаж чадаагүй, дээр нь Ерөнхийлөгчтэйгээ ойлголцож чадахгүй, түүнийг огцруулах гэж оролдсоноор хоорондын зөрчил нь улам хурцдаж, нэг жил есөн сарын дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.
М.Энхсайханы дараа Ц.Элбэгдорж Засгийн газрын жолоог атгасан ч түүнд итгэл үзүүлэх хүчтэй дэмжлэг дотооддоо байсангүй. Уул уурхайн лицензтэй холбоотой маргаан, хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлцлүүд нь АН-ын фракцуудын үл ойлголцлыг улам гүнзгийрүүлсэн гэдэг. Ингээд түүний Засгийн газар ердөө долоохон сар оршин тогтносон юм.
Ц.Элбэгдоржийн дараа АН-ын бүлэг дотоод зөрчлөө шийдвэрлэж чадахгүйн улмаас Ерөнхий сайдаа томилж чадахгүй, Ж.Наранцацралтыг орлон гүйцэтгэгчээр бүтэн долоон сар ажиллуулсан байдаг. Эцэст нь Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилж, бүрэн эрхийн хугацаа дуустал нэг жил ажилласан.
Ийнхүү АН-ын анхны ялалтын он жилүүд дотоод зөрчлөөр дүүрэн байсны улмаас 2000 оны сонгуульд цөм ялагдаж, Ардчилал суурьтай гурван эвсэл тус бүр ганц суудал, бие даагч Л.Гүндалай нэг суудал авч байсан гашуун түүх бий.
Энэ түүхээс бид ямар сургамж авах ёстой вэ? Нэгдүгээрт, Ардчилсан нам нь институцийн хувьд төлөвшиж амжаагүй байсан. Хоёрдугаарт, анхнаасаа өөр өөр үзэл санаа бүхий фракцуудад суурилсан болохоор нэгдмэл байж чадаагүй. Лу.Гантөмөр намын дарга болсноос хойш хоёр жил гаруйн хугацаанд ямар ч байсан тамгаа нэг болгож, парламент дахь суудлын тоогоо нэмэгдүүлж чадсан ч өнөөдрийн нэгдмэл байдал нь удаан үргэлжлэх итгэл төрүүлэхгүй байгаа. Учир нь намын дарга нь огцорно гэдгээ мэдэгдсэн, түүний орыг залгах тэмцэл намын дотоод зөрчлийг дахин сэрээх эрсдэл өндөр. Гуравдугаарт, ерээд онд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хоорондын эрх мэдлийн зааг тодорхойгүй байсан. Эдгээр нөхцөл байдал нь хэт их хүлээлттэй байсан монголчуудын урмыг хугалж, дараагийн сонгуульд муу дүн тавихад хүргэсэн гэж дүгнэж болох юм.
Тэгвэл энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар 90-ээд оны түүхийг давтахуйц нөхцөл байдал дунд ажиллаж байна гэж дүгнэж болохоор. 105 жилийн түүхтэй Монгол ардын нам институцийн хувьд бэхжсэн үү гэвэл бэхжсэн. Төрийг удирдах туршлага, боловсон хүчин аль аль нь бий. Гэвч дотоодын зөрчил хурцадсан. 2018 оноос М.Энхболд, Т.Бадамжунай тэргүүтэй хууччууд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын шинэчлэгчдийн багийн хооронд зөрчил үүсэж, М.Энхболдыг парламентын даргаас огцруулж, шинэчлэгчид намын удирдлага болон засгийн эрхийг гартаа авсан. Харин өнөөдөр шинэчлэгчид дотроо задарч, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар хоёр талдаа гарч, Л.Оюун-Эрдэний эсрэг талд асар их хөрөнгө мөнгө бүхий бизнес бүлэглэл зогсож байгаа нь Засгийн газраа ганхуулах нөхцөл байдлыг үүсгээд буй.
Нэгэнт АН засгийн бүрэлдэхүүнээс гарсан тохиолдолд УИХ Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэсэн ч, эс хүлээлгэсэн ч "дараагийн" Засгийн газрууд тогтвортой ажиллах боломж харагдахгүй байгаа юм. Учир нь хамтралаас гарч буй АН-ынхан хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, хариуг нь барина гэдгээ мэдэгдээд авсан. Тэд бүлэг дотроо нэгдмэл байж чадвал аливаа хууль, тогтоолыг унагаагаад байх боломжтой. Түүнчлэн МАН-ын дотоод зөрчлийг ашиглаж, эсрэг саналтай гишүүдийнх нь хамтаар Засгийн газрыг нь дахин унагаах магадлалтай. МАН засгаа дахин байгуулахдаа Хүн нам болон ИЗНН, “Үндэсний эвсэл”-тэй хамтарлаа гэхэд энэ гурав нийлээд 16 суудалтай. 42 суудалтай АН-ын бүлгийг яагаад ч нөхөж чадахгүй.
Иймд Ардын нам 1996–2000 оны Ардчилсан намын түүхийг давтахгүйн тулд дотоод эв нэгдэл, бодлогын залгамж чанараа чухалчлах шаардлагатай байгааг сануулъя.