Герман улс Украины армид зориулсан нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийн үйлдвэрлэлийг санхүүжүүлэх бодолтой байна хэмээн Die Welt сонин Германы Засгийн газрын эх сурвалжийг иш татан мэдээлэв. Берлины зүгээс Киевт үзүүлж буй цэргийн тусламжийн багцад Украины алсын нислэгтэй дроны үйлдвэрлэлийг санхүүжүүлэх төсөл багтсан хэмээн мэдээлж байна. Украины эрх баригчид тавдугаар сарын эхээр Германы холбооны улсын Батлан хамгаалах яаманд хандаж BARS, AN-196 загварын цохилт өгөх нисгэгчгүй төхөөрөмж, мөн Flamingo дроны санхүүжилтэд туслахыг хүссэн. Германы Засгийн газар Киевийн энэхүү хүсэлтийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Die Welt мэдээлж буйгаар, төслийн нийт өртөг 400 сая евро хүрч буй. Мөн Герман улс агаараас эсэргүүцэн хамгаалах IRIS-T систем болон пуужин нийлүүлэхээр болсон хэмээн Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров мэдэгдсэн юм. Эдгээрийн нийт өртөг 2.2 тэрбум евро. Германы канцлер Фридрих Мерц “Их Британи, Герман, Франц, АНУ Украинд нийлүүлж буй пуужингийн алсын тусгал, хүчин чадалд цаашид хязгаарлалт тавихгүй” хэмээн мэдэгдсэн билээ.