УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнээс Засгийн газартай холбогдон үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Ардын нам засгаа дахин эмхлэн байгуулахдаа АН-аас бусад нам, эвсэлтэй хамтрах эсвэл дангаараа явахын ал нь дээр гэж таны хувьд үзэж байгаа вэ?
Засгийн газрыг дахин эмхэтгэн байгуулах тухай МАН-ын Бага хурлын тогтоол гарсан. Энэ өнцгөөс Бага хурлын шийдвэрийг дагах нь зүйтэй гэж бодож байгаа. АН улс төрийн шийдвэрээ гаргачихлаа. МАН-аас гаргасан шийдвэр агаар нэг. Тэгэхээр цаашид МАН засгаа байгуулахдаа Хүн нам болон бусад нам, эвслэтэй хамтраад явах нь зүйтэй гэж үзэж байна.
Ер нь бол 126 гишүүнтэй, холимог тогтолцоотой парламентын үед хамтарсан Засгийн газар байгуулах нь зөв харагдаж байгаа. Энэ нь аливаа асуудал дээр хоёр талдаа гараад байлгүй, хамтраад явах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Таван намын тогтолцоо орж ирсэн. Хоорондоо зохицоод явах боломжтой. Мэдээж, сөрөг хүчин байлгүй л яах вэ.
Засгийн асуудал ТББХ-оор хэpээ орж ирэх вэ?
Нэг дэх өдөр энэ асуудлыг авч хэлэлцэх байх. Гурав хоног нь дуусаж байж, хэлэлцэж эхлэх ёстой.
Улс төрийн өнөөгийн нөхцөл явж явж Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан арга хэмжээ юм биш үү гэсэн хардлага байна?
Олон намын тогтолцоотой парламент байна. Асуудлуудаа дотроо ярилцана. Намууд засагт хамтарч байж, өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Бодлого хэрэгжүүлэх гэж л УИХ-д өрсөлддөг. Тиймээс үүнийг буруутгаж ерөөсөө болохгүй. Нэгэнт таван нам парламентад ороод ирсэн тохиолдолд аль аль нам нь ард түмний өмнө хүлээсэн төрийн үйл ажилагааг тогтвортой байлгах үүргээ ухамсарлах ёстой.
Дараагийн Засгийн газрын бүтэц өнөөгийнх шигээ 20 гаруй гишүүнтэй, данхагар хэвээр байх уу эсвэл цомхон болгох уу?
Дараагийн Засгийн газрын бүтцийг Ерөнхий сайд өөрөө бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж ирэх ёстой. Өчигдөр ТББХ-ны хуралдаан дээр төрийн инженерчлэл гэдэг том асуудлыг авч хэлэлцсэн. Энэ бол Үндсэн хууль яг зөв байна уу? Тэнд ямар нэг өөрчлөлт хийх хэрэгтэй юу? Төр, засгийн бүтэц ямар байх юм, агентлагууд болон аж ахуйн нэгжүүд нь яаж ажиллах юм, зарим үйлдвэрийг хувьчлах уу гэх мэт асуудлыг бүхэлд нь цогцоор нь харах боломж гарч ирж байгаа юм. Зах зээлд шилжсэнээс хойш 30 гаруй жил боллоо, системээ өөрчлөх цаг болсон.