УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Засгийн газрын асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:
Хувь хүнтэй холбоотой орлогооо нотол гэсэн асуудал яахаараа төсөв, бодлоготой холбоотой болчихдог юм бэ? Яагаад ажлаа муу хийсэн, гэрээгээ биелүүлээгүй болчихдог юм бэ гэсэн эргэлзээ байгаад байна.
Үнэхээр МАН, АН, Хүн нам гурав хамтран засгаа байгуулахдаа 578 зүйл, заалт бүхий Мөрийн хөтөлбөр гаргасан. Тэр хөтөлбөрийн 85.9 хувь нь хоорондоо ижилхэн байсан. Нийгэм, эдийн засаг, боловсрол гээд. Тухайн үеийн аргумент нь бид улс орны хэмжээнд олон жил гацсан төслүүдээ явуулах гэж байна, эдийн засгийг эрчимжүүлэх гэж байна гээд “Хурдтай хөгжлийн зориг” хэмээх хөтөлбөр дэвшүүлээд явж байсан.
Гэтэл гэнэт хувь хүний орлоготой холбоотой асуудал үүсмэгц АН ажлаа хангалттай хийсэнгүй гэсэн шалтаг гаргаж ирж, нийгэмд тодорхойгүй байдал үүсгэчихсэн. Гэрээгээ дүгнэх ёстой. 578 зүйл, заалт бүхий гэрээ, 14 мега төсөл, 100 гаруй төслийн хэд нь хэдэн хувьтай хэрэгжиж байсан юм, хэд нь хэрэгжих үедээ яагаад алдаа гаргасан юм, тэнд ёс суртахуун, ёс зүйн алдаа гаргасан юм уу эсвэл гэмт хэргийн шинжтэй алада байсан юм уу, эдийн засаг, нийгэмд хохиролтой, сөрөг үр дагавар учруулах зүйл байсан юм уу гэхчлэн тодорхой дүгнэлт гаргах ёстой.
Гэтэл нэг нам нь дотоод шийдвэр гаргаж, төвөгтэй байдалд оруулчихсан. “А” гэсэн асуудал явцын дунд “Б” болоод, эцэстээ “В” болчихож байгаад л улс төрчид эргэзээд байгаа юм л даа.” Гэв.