УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаас улс төрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Нэг нам нь олонх буюу 68 суудал авсан байхад хамтарсан Засгийн газар байгуула нь стандарт бус юм гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Энэ тал дээр таны байр суурийг сонирхъё?
Монгол Улсын Ерөнхий сайд Итгэл хүлээлгэх, эсэх тухай тогтоолын төслийг оруулж ирлээ. Анх хүүхдийн асуудал үүссэн. Орлогоо нотол гээд явсан. Сүүлдээ хамтарсан ЗГ-ын асуудал болж хувирсан. Одоо итгэл хүлээлгэх, эсэх асуудал оруулаад ирэхээр өөдөөс хамтарсан ЗГ-ын асуудлыг яриад байна. Тусдаа асуудлуудыг холиод байна.
Монгол Улс цаашид хөгжье гэвэл өөр хоорондоо нэгдэж, хамтрах ёстой. Хоёр талдаа гараад, чулуу шидэлцээд байх юм бол энэ улсад ямар ч бодит хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Юу үнэн, энэ үнэн. С.Баярын үед хамтарсан ЗГ анх байгуулагдаж байсан. Засгаа хамтарч байгуулахаар стандарт бус гэдэг юм яриад байдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цоо шинэ стандарт бий болж байна. Дахиад жараас дээш суудал авах улс төрийн хүчин гарч ирэхгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төр цаашид ямар хэлбэрээр явах ёстой юм бэ гэдгийг ойлгоогүй нэг хэсэг байна.
АН-ын найман сайд засгаас гарна гэдгээ мэдэгдсэн. Дараагийн ЗГ байгуулагдахад танай нам хамтрахад бэлэн үү?
Хамтарсан ЗГ-т анх ороход нам дотор бас нэлээд юм болж байсан. Тэгээд хамтарна гэдэг шийдвэрээ гаргасан. Энэ нь зөв байсан гэдгийг цаг хугацаа харуулсан. Бид “Уулын бугыг хараад, унаж явсан морио орхидог” ёс зүйгүй улс биш, бид. Улс орны эрх ашгийн төлөө гаргасан шийдвэртээ бат зогсоно.
Өнөөдөр МАН, АН гэсэн хоёрхон том нам л байдаг юм шиг яриад байдаг. Хүн нам бол улс орон даяар салбартай том институц. 10 жилийн хугацаанд маш өндөр боловсролтой олон хүнийг нэгтгэж чадсан. Зарчим дээрээ нэгдэж чаддаг. Нэгэнт олонхоороо шийдсэн бол түүн дээрээ тууштай байна. Хамтрах үзэл баримтлал нь хөгжлийн загвар гэдгийг бид мэдэж байгаа. Герман, Шинэ Зеланд гэхчлэн. Заавал хуваагдаж, муудалцахгүйгээр ардчиллаа хамгаалж болдог, хөгжиж болдог гэдгийг ойлгоод явж байтал найман сарын дараа засгийг огцруулах асуудал хөндөгдөж байгаа нь харамсалтай.
АН-ын найман сайд ямар ч тохиолдолд ЗГ-т хамтрахгүй гэдгээ мэдэгдсэн шүү дээ. Энэ байр суурийг нь та яаж хүлээж авч байгаа вэ?
Би Хүн намын дарга, бусад намын шийдвэрт үнэлэлт дүгнэлт гаргах эрхгүй. АН-ын дарга нь ямар ч тохиолдолд засгаас гарна гэдэг байр сууриа тодорхой илэрхийлсэн байна билээ. Гэхдээ энэ байр сууриа эргэж хараасай гэж хүсэж байгаа. АН сөрөг хүчин болчихоор энэ УИХ, ЗГ дотор кноп хүрэх юм уу гэдэг асуудал үүснэ. 35 жилийн турш хоёр талд гарч хуваагдсан байдал дахиад үүсэх вий.
Эрчим хүчний салбарт эхлүүлээд байсан гэрээ хэлцлүүд бүгд зогсож, таг гацчихаад байна. Үнэнийг л хэлье. Маш олон хүн итгэж, нааш харж байсан бол өнөөдөр эргэлзээ үүсээд байна.
Шууд дамжуулалт үзэх: