Haribo чихэрнээс каннабис хар тамхины ул мөр илэрсэн тул Нидерландын зах зээлээс эргүүлэн татаж байна. Нэг гэр бүлийн хэд хэдэн гишүүн нэг кг савлагаатай Haribo Happy Cola F!ZZ чихэрнээс идсэний дараа бие нь тавгүйрхжээ. Haribo идсэний дараа толгой эргэх шинж тэмдэг илэрсэн хэмээн Нидерландын Хүнсний аюулгүй байдлын албаны төлөөлөгч ярилаа. Тус улсын SBS6 телевиз мэдээлснээр, сэжигтэй чихэрнээс дээж авч шинжлэхэд каннабис илэрсэн аж. Haribo брэнд цагдаагийн газартай хамтарч бүтээгдэхүүн нь яагаад каннабисаар хордсон нөхцөл шалтгааныг судалж байна. Гурван уут чихэрнээс хар тамхи илэрсэн ч Haribo бүх чихрээ зах зээлээс татахаар болжээ. Уг чихэрнүүдийн дуусах хугацаа 2026 оны нэгдүгээр сар хүртэл байжээ.