УИХ-ын энэ өдөр /2025.05.30/-ийн нэгдсэн чуулганаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас байр суурийг нь тодрууллаа.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр та нэлээд хүчтэй шүүмжлэл хэллээ. Яг ямар заалтуудыг ямар үндэслэлээр эсэргүүцэж байгаа вэ?
Энэ хуулийн төсөл бол орон нутагт ч тэр, Улаанбаатарт ч тэр ямар нэг үйл ажиллагаа явуулахад хамгийн чухал хууль. Хуулийн төсөлд хоёр ангилал тусгасан байна. Эмийн сан, үсчин гэх мэт жижиг, дунд үйлдвэрлэл явуулахад багийн нийтийн хурлаас асуух шаардлагагүй гэсэн заалт байна. Энэ бол зөв.
Нөлөөллийн бүс гэсэн ойлголт бас бий. Үүнд уул уурхай зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүд хамаарна. Нөлөөлийн бүсэд амьдарч байгаа иргэдээс асуух ёстой. Монгол Улсын иргэн хаана амьдрахаа өөрөө сонгох эрхтэй. Орон нутгаас сонгогдсон гишүүд энэ зовлонг мэднэ. Яахаараа иргэнээсээ асуудаггүй юм бэ? Олон улсын туршлага гэж ярьж байна. Өнөөдөр дэлхий дээр хэрэгжиж байгаа том том үйлдвэр, хот, уул уурхайн компаниуд эхэлж байгуулагдахдаа энэ хуулийн дагуу явдаг. Тэгэхдээ тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдтэй ойлголцож байж, бизнес нь амжилттай явдаг. Манайхан болохоор асуухгүй гэнэ. Багийн иргэдээс асуухаар ахуйн юм ярдаг гэнэ. Ер нь Монгол Улсын иргэд ахуйн юм л ярина шүү дээ. Тэр ахуйг нь сайжруулах гэж, баталгаажуулах гэж бид УИХ-ын гишүүн болж, тангараг өргөсөн.
Яагаад дандаа иргэддээ өстэй юм шиг хууль баталдаг юм бэ? Яагаад дандаа иргэдийн оролцоог хасдаг юм бэ? Өнөөдөр Монгол-Францын хамтарч байгуулсан ураны гэрээ ямар их хэрүүл дагуулж байна? Манай Улаанбадрах суманд очиж, иргэдтэй ярилцаагүй, тохиролцоогүй. Тэднийг соён гэгээрүүлээгүй. Та эндээс нүүвэл хаана амьдрах вэ гэж асуугаагүй.
Би монголын дөрвөн говиос сонгогдсон гишүүн. Стратегийн долоон орд манайд байдаг. Дахиад 14 орд нээгдэнэ. Манай говийн иргэд тэгээд хөөгдөөд л яваад байх юм уу? Тэдэнд ямар ч падлийгүй хэрэг үү? Ганцхан говь биш, хангай гээд бүгд орно. Амьдрах газрыг нь шийдэж өгөөд, ядаж л нүүлгэлтийн зардал олгох ёстой шүү дээ. Манай Цогтцэций сумаас 1000 гаруй иргэн нүүсэн, энэ янзаараа бол арван жилийн дараа сумаараа нүүх байх. Гурван тэс, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбадрахын иргэд ч нүүж таарна.
Шууд дамжуулалт үзэх: