УИХ-ын нэр бүхий гишүүд Хүүхдийн хөгжлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулсан талаараа мэдээлэл өглөө. Хуулийн төслийг санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн хэлэхдээ:
Хуулийн төслийг боловсруулахдаа НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид тусгагдсан “Тэгш оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг.” гэсэн зарчмыг үндэслэл болгон ажиллаж байна.
Хүүхдийн хөгжлийг зөвхөн ЕБС-д даатгаж орхих биш, хичээлээс гадуурх хувь хүний амьдрах чадвар, авъяасыг нээн хөгжүүлэх, спортоор хичээллэх, гадаад хэл суралцах зэрэг үйл ажиллагааг дэмжих нь чухал байдаг. Тиймээс энэ хуулийн төслийг боловсруулсан. Өнөөдөр мөрдөгдөж байгаа Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулиас тусдаа, бие даасан хууль гаргах нь зүйтэй гэж үзсэн.
Хуулийг хэрэгжүүлэхэд бүх нийтийн оролцоо, тэр дундаа эцэг эхийн үүрэг маш чухал.
Бүх шатны Засаг дарга нар хүүхэд хамгаалах хамтарсан багийг ахалдаг. Миний хувьд Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хүүхдийн оюуны хөгжлийг дэмжин, хөрөнгө оруулалт хийж ирсэн. Тухайлбал, манай аймагт “Хүн болох багаасаа” гэдэг төслийг одоо гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ туршлагаа улс даяар нэвтрүүлэх зорилгоор гишүүдтэйгээ хамтарч хуулийн төсөл санаачлан боловсрууллаа гэв.
Шууд дамжуулалт үзэх: