Хүрэн баавгай
Хэнтий, Хөвсгөлд тархсан хүрэн баавгайн нөөц Биологийн хүрээлэнгийн 1986 онд гаргасан судалгаагаар 500 орчим байжээ. Үүнээс хойш баавгайн нөөцийг нарийвчлан гаргасан судалгаа байхгүй өнөөг хүрлээ. Харин түүнийг агнан ашиглах явдал хаа сайгүй өргөн дэлгэр ба тоо толгойд сөрөг нөлөө үзүүлж эрс буурч байгаа нь тодорхой. Зарим судалгааны дүнгээс үзэхэд нөгөө л урд хөрш рүү баавгайн доньд, арьс, савар гэх мэт эд эрхтэнг өндөр үнээр худалдсаар л, агнасаар л байна. Вьетнамын гурван иргэн хүртэл энэ наймаанд оролцож хилээр 80 ширхэг доньд нууцаар гаргах гэж байгаад баригдсан тухай сонинд бичсэн байна. Гэхдээ тэд баавгайнаас ямар ч зүйлийг ашигладаггүй гэнэ. Харин Япончууд баавгайн доньдыг ардын эмнэлэгт их хэрэглэдэг ба харин хэрэгцээгээ Өмнөд Солонгос, Хятад болон бусад Зүүн өмнөд Азийн орноос ханган нийлүүлдэг гэнэ. Баавгай нь илүүдээд байгаа орны хүмүүсийн хэрэгцээг баавгай нь устаад байгаа монголчууд бид хангасаар л байна.
Хулан адуу
Морьтон монголчуудын эрт дээр үеэс бахархан ярьж, ардын дуу, аман зохиолдоо шагшин магтдаг хурдан хүлэг, зэрлэг тууртны нэг нь хулан адуу билээ. Хулан адуу Монголын болон олон улсын “Улаан ном”-д орсон, агнахыг хуулиар хориглосон амьтан байлаа, одоо ч хэвээрээ. Зах зээлд шилжсэнээр 1990-ээд оны дунд хүртэл тархац нутгаа тэлж, тоо толгой нь өсөн устсан байсан зарим нутагтаа эргэн ирж баруунаас зүүн тийш шилжих хандлага саяханг хүртэл ажиглагдаж байлаа. Биологийн хүрээлэнгийн 1986 оны мэдээгээр манай орны зургаан аймгийн 16 сумын нутагт 25 мянган хулан адуу тухайн үед тархаж байжээ. Харин өнөөдөр тархац нутгаа тэлж Сүхбаатар аймагт үзэгдэх болсон ч нөгөө л хулгайн ангийн нөлөөгөөр тоо толгой эрс цөөрч байна. Хулангийн хууль бус агнуурыг “эрчимтэй хөгжүүлсэн” газар нь Өмнөговь, Дорноговь ба Ховд аймгийнхан хааяа “тоншино”. Орон нутгийн зах дээр хулангийн махыг адууны мах хэмээн сэмхэн зарах тохиолдолтой та байнга тааралдах болно. Өнөөдөр Өмнөговь, Дорноговь аймгийнхан хулан хулгайгаар агнаж хүнсэндээ хэрэглэх нь ердийн үзэгдэл болж, хот руу хэдэн арваар нь ачуулж баригдсан баримтууд олон байна. Баригдаагүй нь үүнээс ч олон байгаа.
Саарал Чоно
Та хэзээ ч, хэнтэй ч, хэдийг ч, ямар ч аргаар, ямар ч зөвшөөрөлгүйгээр агнаж болох амьтан нь чоно билээ. Учир нь саарал чоно, цайвар үлийч (хуучин нэрээр үлийн цагаан оготно) хоёрт Монголд хамгаалах ямар ч хууль эрх зүйн баримт байхгүй. Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн тооцоогоор 1986 онд манайд 30 мянга гаруй саарал чоно 18 аймгийн нутагт байжээ. Одоо хэд байна бүү мэд. Саяхан намайг Дорнод аймагт судалгаагаар явж байхад нээлттэй хил худалгаагаар олон тэвш чоно Хятад руу ачигдан гарч байсныг харж билээ. Одоо ч энэ наймаа үргэлжилсээр. Америк, Европын ихэнх орнууд чоноо яг ийм замаар устгаж харин саяхнаас сэргээн нутагшуулахад хэдэн зуун сая доллар зарж бусад орноос худалдан авч хамгаалж эхэллээ. Монгол ч Унгарт 1980-аад онд 300 гаруй бэлтрэг гаргаж хөөрхөн бизнес хийсэн. Тэд цаашаа өндөр үнээр зарсан сурагтай байсан. Дээр дурдагдсан амьтдаас гадна цаа буга, монгол бөхөн, хандгай, бор гөрөөс, хар сүүлтий, хэрэм, жирх, үнэг, хярс, туулай, булга, дорго, шилүүс гээд бүгд л эмгэнэлт тавилангаа хүлээж байна. Тул болон бусад загас, шувуудын тавилан мөн адил. Холбогдох эрдэмтэд, мэргэжилтнүүд, байгаль хамгаалах нэртэй нам, хөдөлгөөнүүд ч дуугарах цаг аль хэдийнэ болжээ.