Уг нь Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монголынхоо ложистикийн компаниудыг л дэмжээд байгаа ухаантай юм байна. Орос, хятадуудын далд бизнесийг хязгаарлаж, дотоодын тээвэр зуучийн салбарыг дэмжээд байгааг нь тайлбарлах гээд үзье.
Ер нь ингэхэд манайд нийт хэдэн вагон хаагуур явдаг, яагаад дутаад байсан вагон илүүдэх болов гэдэг мэдээллээс эхэлье.
- Гол замд нийт 11 мянган вагон явах ёстой ч, энэ тоо одоогоор 15 мянгад хүрч давжээ. Өөрөөр хэлбэл, 4000 вагон нь гол зам дээрээ багтахгүй, яг хотын түгжрэл шиг өртөө, зөрлөгүүд дээр зогсож байна. Гэвч “Монголд вагон олдохгүй баларч байна” гээд хойд хөрш ОХУ-аас олноор нь авчрах болжээ. Түүний цаад эзэд нь голдуу орос, хятад иргэд байдаг аж. Харин ил хаяг нь монгол компани, монгол иргэдийн нэр бий гэх. Хамгийн харамсалтай нь бэлэн мөнгөөр орж ирээд, ам.доллароор орос руу урсаад гарчхаж буй мэдээлэл байна.
- Тэр ч бүү хэл ОХУ-ын иргэд Замын-Үүдэд газар авч, тээвэр ложистикийн үйл ажиллагаа явуулахаар “РЖД” НХН-ээс шахалт үзүүлсэн асуудал ч үүсдэг байна. Замын-Үүд дэх газрыг ЗТЯ биш тухайн орон нутгийн ИТХ шийдвэрлэдэг. Орос, хятадуудын бизнест газар өгч байгаа нь дотоодын тээвэр зуучийн компаниудаа шахах хэрэгт оролцсон үйлдэл болох юм.
Гадны вагонуудыг шахаж гаргаад, тэр орон зайд Монголын үндэсний компаниуд өөрсдийн хөрөнгөөр шинэ вагон оруулж ирэх боломж нөхцөл хэрэгтэй байгааг салбарын сайд нь хүртэл онцолж буй. Хэрэв дотоодын компаниуд вагонуудаа оруулаад ирвэл тээвэр зуучийн салбартаа лав дэмжигдэх чигтэй.
Дотоодын компаниудын вагон түрээслүүлэх үйл ажиллагааг хязгаарлалаа гэх хэл ам энэ мэт нарийн ширийн зүйлүүд ойлгогдохгүй байгаагаас үүсэх болжээ. Мөн салбарын сайдаа ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж, вагоны хэрүүлтэй хутгаж ирсэн дүр зурагтай.
Гэвч хувьдаа 3000 вагонтой, хоёр төмөр замын компанитай тул төрөөс вагон хулгайлах шаардлагагүй нэгэн бол Б.Дэлгэрсайхан.