Э.Ирэхбаяр
Редактор
ХҮН-ТҮҮХ
2025.05.31 17:02
814
Г.АМАРБОЛД: Монголынхоо уран бүтээлчидтэй дуртайяа хамтарч ажиллана

Америк дахь цагаач иргэд болон хууль бусаар оршин суугчдын дуу хоолойг нийгэмд тод хүргэдэг, Пулитцерийн шагналт зохиолч Мартина Майжокийн “Sanctuary City” зохиолыг Солонгосчууд тайзнаа дахин амилуулжээ. АНУ-ын  утга зохиол судлаач, шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ авсан, томоохон хэвлэлүүдийн анхаарлыг татсан эл бүтээл нь гуравхан баатартай бөгөөд нэг дүрд нь монгол залуу тоглож байна гэсэн мэдээлэл анхаарал татаж, залуу жүжигчин, модель Г.Амарболдтой цахимаар холбогдон ярилцлаа.

Солонгос улсад мэргэжлээрээ ажиллаж, амьдарч байгаа жүжигчин Г.Амарболдыг манай уншигчдад товчхон танилцуулбал…?

Би 2017 онд Солонгос улсад ирсэн. Одоо найм дахь жилдээ ажиллаж, амьдарч байна. 2019 онд Солонгосын урлагийн шилдэг сургуулийн нэг Korea National University of Arts буюу Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуулийн жүжгийн ангид суралцсан. Манай сургууль Азидаа театрын урлагаараа нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Намайг элсдэг жил нийт 6400 хүүхэд шалгалт өгснөөс ердөө 40 хүүхдийг сонгосон. Тэдний дунд би багтаж, 100 хувь Солонгос улсын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр суралцаж, амжилттай дүүргэсэн. Одоо мэргэжлээрээ солонгосын дэлгэцийн болон театрын бүтээлүүдэд оролцон тоглож байна.

Хичнээн уран бүтээлд дүр бүтээв?

Анх реклам болон богино хэмжээний уран сайхны зураг авалтуудад оролцож, энэ салбарт карьераа эхлүүлж байсан. Жишээлбэл, “Sea”,” “Eumeooa”, “Hangil” /one way/ гэх мэт богино хэмжээний кинонуудад тоглож, олон арван дүрстэй болон фото зар сурталчилгаанд моделиор ажилласан. Түүнчлэн Нетфликсийн “Genie, make a wish”,  “TVN” телевизийн “The Treasure Keeper”,  “JTBC”-ийн “Marble of God”, “MBC” телевизийн “Welcome, First Time in Korea?”, “Монгол HD” телевизийн “SUITS” зэрэг олон ангит кинонд тоглосон. “Don Quixote”, “Schiz Stroke”, “Modern Case”, “Where Is the Nearest Accessible Restroom?”, “Kucha”, “Sanctuary City”, “Doosan Arts Center” зэрэг жүжигт тоглосон.

Одоо тоглож байгаа Пулитцерийн шагналт зохиолч Мартина Майжокийн “Sanctuary City” жүжигт тоглох саналыг хэн тавьсан бэ? Эсвэл шалгаруулалтад оролцож, тоглох эрх олж авав уу?

Энэ жүжгийн Henry-гийн дүрийг сонгох шалгаруулалтад оролцооч гэсэн саналыг их сургуулийн ангийн ах болон өмнө нь хамтран ажиллаж байсан найруулагч маань тавьсан. Ингээд тухайн бүтээлийн шалгаруулалтад оролцож, тоглох эрхээ авсан.

Энэ жүжгийг солонгосчууд дахин тавихдаа эх зохиолоор нь тавьсан юм уу эсвэл солонгосын нөхцөлд тааруулж өөрчлөө юу?

Энэ жүжигт АНУ-д хууль бусаар оршин суудаг гадаад иргэдийн амьдралыг харуулдаг. Тодруулбал, долоон настайдаа эцэг эхээ даган Америкт ирж, “хараар” амьдарч байгаа хүүхдүүдийн түүх гардаг. Энэ сэдэв миний сэтгэлийг их эмзэглүүлсэн. Бодит амьдрал дээр ийм тохиолдол олон байдаг юм билээ. Солонгост ч гэсэн бүртгэлгүй амьдарч байгаа монгол иргэд бий. Хэдийгээр би өөрөө хуулийн дагуу визтэй ч гэсэн хууль бусаар оршин сууж байгаа монголчууд маань ямар их айдас, сэтгэл зүйн дарамт дор амьдардгийг, эрх зүйн хувьд олон бэрхшээлтэй тулгардгийг мэдэж авсан. Жүжиг ч гэсэн бодит амьдрал дээр элбэг тохиолддог асуудал шүү дээ. Тийм болохоор дүрээ мэдэрч, үзэгчдэд хүргэхийг хичээж ажиллалаа.

124 минут үргэлжилдэг энэ жүжиг нийт 17 өдөр дараалан тоглоход зритель дүүрэн үзэгчтэй байсан. Жүжгийн тасалбар борлуулалт нээгдсэнээс хойш ердөө 40 минутын дотор зарагдаж дууссан байсан.

Монголын кино, жүжигт оролцож, тоглосон туршлага байгаа юу?

Байгаа. “Монгол HD” телевизийн “Suits” олон ангит киноны 3-р ангид Чингүүний дүрийг бүтээж байсан. Монголынхоо уран бүтээлчидтэй хамтран ажиллахад сонирхолтой байсан, их ч зүйл суралцсан. Ажиллаж байгаа уран бүтээлдээ чин  сэтгэлээсээ ханддаг хүмүүс олон байдаг юм билээ. Гэхдээ зарим тохиолдолд мэргэжлийн түвшний зохион байгуулалт дутмаг байдаг нь хүндрэлтэй санагдсан.

Монголын уран бүтээлчдээс дахин кино, жүжигт тоглох санал тавивал ирж тоглох уу?

Тэгэлгүй яах вэ, намайг сонирхож, санал тавивал дуртайяа тоглох болно. Миний хувьд жүжигчнээс гадна моделиор ажиллах туршлагатай. Тэгэхээр энэ чиглэлээрээ  ч гэсэн хамтарч ажиллахад нээлттэй.

Солонгост моделиор бас ажиллаж байгаа гэсэн, жүжигчин хүн яаж яваад энэ салбар руу орчихов?

Би энд хуучнаар “YG KPLUS” агентлагтай дөрвөн жилийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа. Энэ агентлаг маань одоо KPLUS нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Миний тухайд,  гэрээгээ сунган, үргэлжлүүлэн ажиллах  эсэхээ хараахан шийдээгүй байна.

Анх Солонгос улсад суралцаж, ажиллаж, амьдрах шийдвэр гаргахад юу нөлөөлсөн бэ?

Бүжгийн ур чадвараа сайжруулах, мөн өөрийгөө сорих,  гадаад ертөнцийг таньж мэдэх хүсэлтэй байсан учраас энэ улсад ирсэн. Гэвч гэмтлийн улмаас бүжгээр явах боломжгүй болсон. Мөн санхүүгийн бэрхшээл ч тулгарсан. Тиймээс жүжигчний мэргэжлийг сонгон суралцсан.

Энэ улсад суралцаж, ажиллахаар очиж байгаа монгол залуучууддаа хандан гурван зөвлөгөө өгөөч гэвэл юу хэлэх вэ?

Нэгдүгээрт, хэлээ сайн сурмаар байгаа бол олон солонгос найзтай болохыг хичээгээрэй. Хоёрдугаарт, хүрээллээ зөв сонгох чухал, Be kind! Гуравдугаарт, цагийн ажил хийж амьдрах зардал болон сургалтын төлбөрөө олоход хэцүү. За их ажиллаж, зардлаа оллоо ч гэсэн, тэр хэрээр хичээлдээ зарцуулах цаг багасдаг, энэ нь сурлагын чанарт муугаар нөлөөлнө. Тиймээс эхлээд хэлээ сайн сураад, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг судалж, хамрагдахыг хичээгээрэй. Тэгвэл ядаж сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Энэ оронд суралцаж, өөрийгөө хөгжүүлэхээр ирж байгаа бүх залууст амжилт хүсье.

 Ярилцсанд баярлалаа.