УИХ-ын гишүүн, “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх, эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан олон нийтийг зүгээс “Орлогоо нотол”, “Ажлаа өг” зэрэг шаардлага тавьж буйтай санал нэг байна. АН-ыг ЗГ-аас буувал би ажлаа өгнө гэж МАН-ын Бага хурал дээр мэдэгдсэнийг бид бүгд сайн мэднэ. Гагцхүү ажлаа өгөхдөө төрд үүсэж байсан ноцтой хагарал, задралуудыг эргэн санаж, төрд хагарлын хар мөр үлдээхийг бид хэрхэвч зөвшөөрөхгүй.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн удирдлага, зохион байгуулалтаар УХИХ-ын гишүүд нам үл харгалзан, ажил хэрэгчээр гар нийлэн ажиллаж байгаа энэ эвт тогтолцоог битгий эвдээч ээ гэж хэлэхийг хүсэж байна.
Л.Оюун-Эрдэнээс УИХ-д ирүүлсэн итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөлтэй бид анхааралтай танилцлаа. Солийн Данзангийн консерватив үзлийг удирдлагаа болгосон “Үндэсний эвсэл” нь Үндэсний баялгийн сан болон зарим мега төсөл нь макро эдийн засгийг тэлж, татвар, НДШ, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах нь улс орны эдийн засгийн нэн чухал хөгжлийн асуудал тул бид ямагт дэмжинэ.
Энэ нь хуулиар зайлшгүй хэрэгжүүлэх хөтөлбөр болохоос хувь хүний өдрийн тэмдэглэл биш юм. Гэтэл энэ албан бичигт үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан, цаашид сонгодог парламентыг төгөлдөршүүлэх шаардлагатай байна гэж маш тодорхой бичсэн нь онцгой анхаарал татаж байна.
Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглал руу шилжинэ гэх сэдэл бүхий ноцтой үг, үйлдлүүд Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг огцруулахтай зэрэгцэн гарч ирсэн нь үнэн.
АН-аас сонгогдсон УИХ-ын 40 гишүүн Ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцэж, сонгодог парламентаа хамгаалах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулаад, гарын үсэг цуглуулж байгаа нь дээрх ноцтой үг, үйлдэл үнэн болохыг батлан харуулж байгаа юм. Энэхүү төслийг санаачилсан гишүүдийг АТГ-аар шалгуулна, шоронд хийнэ, туг тахина гэх мэт хэн ярьсан нь тодорхойгүй, үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа хүртэл төрийн ордонд ид өрнөж байна. Үүний араас бид бүгд хөөцөлдөх хэрэгтэй.
Саяын хэдэн өдөр надтай ажил хэргийн холбоотой ойр тойрны хүмүүсийг ч хууль хяналтын байгууллагууд дуудаж, учир битүүлэг байцаалт авах болсон.
Хэдхэн жилийн өмнө УИХ дахь МАН-ын 65-ын бүлэг 32, 33-аар, АН-ын есийн бүлэг 3, 6-аар дотроо хагарч, төрд хямарл үүсэх завсарт тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ноцтой үг, үйлдэл гаргаж, улмаар зам мөрт нь садаа болох нэр бүхий улс төрчдийг хилс хэрэгт гүтгэн, шоронд хорьж явсныг миний бие хохирч явсан хүний хувьд өглөө бүр санадаг. Х.Баттулга энэ санаархлаа өнөөдөр ч хаяагүй гэдэгт би итгэдэг. Энэ хүнийг төрийн хутгуур ч гэж би хувьдаа хардаг.
Харин тэр үед өнөөдрийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Х.Баттулгын санаархлыг таслан зогсоож, түүхэн гавъяа байгуулж байсанд би хувьдаа талархалтай ханддаг.
Саяхан Ерөнхийлөгчийн зүгээс хоёр ч удаа албан ёсны хуудсаараа “Ардчилсан Үндсэн хуульд хүндэтгэлтэй хандана” хэмээн байр суриа баталгаажуулсанд мөн талархаж байна.
Хэрэг явдал иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрэнийн албан бичигт дурдагдсан “үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан, цаашид сонгодог парламентыг төгөлдөршүүлэх шаардлагатай байна” гэсэн нь анхаарал татаж байгаа учраас удахгүй эхлэх ТББХ-ны хуралдаан дээр энэ талаар асууж байж, дэмжих эсэх шийдвэрээ гаргана хэмээн мэдэгдлээ.