Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.06.02 14:56
1311
О.БАТНАЙРАМДАЛ: Улс төрд үүсээд буй нөхцөл байдал нь угтаа баялгийн хуваарилалттай холбоотой тул том зургаар нь харах хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр улс төрд үүсээд буй нөхцөл байдал нь угтаа баялгийн хуваарилалттай холбоотой тул том зургаар нь харах хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:

Болж байгаа үйл явдлыг бид том зургаар нь харж, дүгнэх ёстой. Энэ хавар өндөр зохион байгуулалттай зөндөө л үйл явдал болж өнгөрлөө. Энэ бүхний ард орхигдож байгаа нэг асуудлыг хэлэхийг хүсэж байна.

Монголчууд олон арван жил хүсэн хүлээсний эцэст Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа батлаад авсан. Хуулийн хүрээнд стратегийн ордуудтай хэлцэл хийж эхэлсэн, эцэслэгдээгүй. Энэ нь ганцхан Монгол Улсад болж байгаа зүйл биш.

Байгалийн баялгаас хэт хамааралтай орнуудад тулгардаг “толгойн өвчин” бол баялгийнхаа өгөөжийг ард түмэндээ тэгш хуваарилж чадах уу гэдэг асуудал. Өнөөдөр Монголд яг ийм тэмцэл өрнөж байна. Цөөхөн хэдэн бүлэглэл баялгийг гартаа атгасаар байх уу эсвэл баялгийнхаа өгөөжийг нийт ард түмэндээ хүртээж, боловсрол, эрүүл мэнд, орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх шуудууг нээж өгөх үү гэдэг сонголтын өмнө бид ирчихээд байна.

Яг ийм  улс төрийн нөхцөл байдал Замби, Перу, Боливи, Индонез улсад, тэр ч байтугай бид бүхний сайн жишээ болгодог Чили улсад ч тохиолдож байсан. Энэ улсууд дотор Папуа Гвиней гэж улс бий. Ерөнхий сайд нь Баялгийн сангийн тухай хуулиа батлуулаад, мөнгөжүүлж чадалгүй унаж байсан. Өнөөдөр Монголд яг ийм л юм болох гээд байна.

2024 онд Нобелийн шагнал хүртсэн хоёр хүний улс орнуудын эдийн засгийн доойтлын талаар бичсэн номыг бүгдээрээ авч уншаасай гэж хүсэж байна. Том зургаар нь харж, шийдвэр гаргахгүй бол жижигхэн деталь руу ороод байх юм бол бид төөрөлдөх болно гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: