m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
2025.06.03 11:01
1567
Ардчилсан нам эхний "бэлэг"-ээ барилаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэсэнгүй

Шөнийн дөрвөн цаг хүртэл хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулган Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхгүй гэсэн шийдвэр гаргалаа. Саналыг нууцаар, цаасаар хураах горимын санал дэмжигдсэн.

УИХ-ын 126 гишүүнээс 82 нь санал хураалтад оролцсон бөгөөд 44 нь итгэл үзүүлье хэмээн кнопоо дарсан ч Л.Оюун-Эрдэнэ ялагдсан. Учир нь Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж заасан байдаг. Энэ нь хуралдаанд хэдэн гишүүн оролцож, саналаа өгснөөс үл хамааран, үр дүн нь 126 гишүүнээс шууд тооцогдоно гэсэн үг. 126-ын олонх гэдэг бол багадаа 64 гишүүн юм.

Хэрвээ УИХ Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх шийдвэр гаргавал парламент өөрөө гадагшаагаа “муухай” харагдаад зогсохгүй, “Огцрох амархан” уриатай жагсаал “УИХ тар” болон хувирч болзошгүй гэсэн сануулгыг ах нарын зүгээс залуу гишүүддээ өгөөд л байсан билээ. Дээр нь урьд шөнө чуулганы хуралдаанд төрийн тэргүүн морилон ирж, нутгийн дүүд хандан хатуухан үг хэлсэн нь тэр танхимд суугаа МАН-ын бүлгийн гишүүдэд бага зэрэг айдас төрүүлсэн л байх.

Л.Оюун-Эрдэнэд 20 кноп дутагдсан. Түүнийг дэмжсэн 44 кнопоос ихдээ долоо, багадаа тав нь Хүн нам болон ИЗНН-аас орж ирсэн болов уу. Тэгэхээр цаана нь  37-39 кноп бүлгийнх нь гишүүдийнх гэсэн үг. Эндээс үзвэл Л.Оюун-Эрдэнэ бүлэг дотроо 50 орчим хувийн дэмжлэгтэй үлдсэн байгаа юм.

Дараагийн ЗГ-ын хувь заяа АН-ын гарт

Түүнийг огцроход Ардчилсан намын бүлэг чухал үүрэг гүйцэтгэлээ. Тэд хэдийгээр санал хураалтад оролцоогүй ч эс үйлдлээрээ эсрэг санал өгсөн. Бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд “АН хамтарсан засгаас гарна. Гэхдээ манай сайд нарыг хөөснийх нь хариуг барих болно” хэмээн удаа дараалан мэдэгдэж байсан. Эхний бэлгээ ийн чангахан барилаа.

Энэ нь Л.Оюун-Эрдэнийг унагаах сонирхолтой эрхмүүдийн давхар мэх байсан ч байж мэднэ. Тэд эхлээд АН-ын сайд нарыг хамтралаас гаргачихвал шаралхсандаа эсрэг санал өгч, кабинетыг бүхлээр нь унагаана гэж тооцоолоо биз. Хүслээр нь ч боллоо.

АН-ын “бэлэг” үүгээр дуусахгүй байх. Дараагийн ЗГ-ын тэргүүнийг сонгоход ч нэлээд чангалах биз. Эцэст нь хэн нэг нь Ерөнхий сайдаар сонгогдож л таарна. Түүний бүрдүүлсэн кабинетыг унагаах ажиллагаа хэдэн сарын дараа өрнөж эхлэхэд гайхах юмгүй. АН-ын бүлгийн гишүүд дээр Л.Оюун-Эрдэний баг ч хүч хавсрах боломжтой. Энэ мэтчилэн энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуустал Засгийн газрын тогтвортой байдал нэлээд эргэлзээтэй байх дүр зураг харагдаж байгаа юм.

Шинэ танхимын тэргүүний төлөөх марафон

Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцорлоо. Огцорсон сайд нар дараагийн Ерөнхий сайд томилогдтол үүрэг гүйцэтгэнэ. Харин дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг дээр олон нийтийн таамаг хөвөрсөөр.

Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “Өмнөх Засгийн газруудын түүхийг харахад, огцорсон шалтгаан нь дандаа дотроосоо байсан юм билээ. Энэ удаа ч кабинет дотроос маань энэ бүх асуудлыг анх үүсгэж, тэдгээр сайд бүлгийн нөлөө бүхий улс төрчдийн дэмжлэгийг авсан.” хэмээн мэдэгдээд авсан. Тэрээр өмнө нь энэ талаар олон нийтэд ам нээж байгаагүй ч улс төрд ойр хүмүүсийн хувьд хэдийнэ ойлгомжтой болсон байсан асуудал.

Танхимынхаа тэргүүний араас “хутга шаасан” сайд нарыг Н.Учрал, Б.Жавхлан нар оройлж байна гэх хардлага хоосон байгаагүйг өчигдрийн үйл явц харуулсан. Аль аль нь чамлахааргүй өндөр албан тушаалд байсан эрхмүүд энэ удаа суудлаа илүү өндөрсгөхийг эрмэлзэх нь ойлгомжтой.

Гаднаас гэвэл УИХ-ын дарга асан Г.Занданшатар, ЕТГ-ын дарга асан Я.Содбаатар нарын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй улс төрчдийн нэр яригдсаар ирсэн, одоо ч жагсаалтаас хасагдаагүй. Гэхдээ УИХ дотроос сонгогдох нь илүү магадлалтай биз.