Шөнийн дөрвөн цаг хүртэл хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулган Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхгүй гэсэн шийдвэр гаргалаа. Саналыг нууцаар, цаасаар хураах горимын санал дэмжигдсэн.
УИХ-ын 126 гишүүнээс 82 нь санал хураалтад оролцсон бөгөөд 44 нь итгэл үзүүлье хэмээн кнопоо дарсан ч Л.Оюун-Эрдэнэ ялагдсан. Учир нь Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж заасан байдаг. Энэ нь хуралдаанд хэдэн гишүүн оролцож, саналаа өгснөөс үл хамааран, үр дүн нь 126 гишүүнээс шууд тооцогдоно гэсэн үг. 126-ын олонх гэдэг бол багадаа 64 гишүүн юм.
Хэрвээ УИХ Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх шийдвэр гаргавал парламент өөрөө гадагшаагаа “муухай” харагдаад зогсохгүй, “Огцрох амархан” уриатай жагсаал “УИХ тар” болон хувирч болзошгүй гэсэн сануулгыг ах нарын зүгээс залуу гишүүддээ өгөөд л байсан юм билээ. Дээр нь урьд шөнө чуулганы хуралдаанд төрийн тэргүүн морилон ирж, нутгийн дүүдээ хандан хатуухан үг хэлсэн нь тэр танхимд суугаа МАН-ын бүлгийн гишүүдэд бага зэрэг айдас төрүүлсэн л байх.
Л.Оюун-Эрдэнэд 20 кноп дутагдсан. Түүнийг дэмжсэн 44 кнопоос ихдээ долоо, багадаа тав нь Хүн нам болон ИЗНН-аас орж ирсэн болов уу. Тэгэхээр цаана нь 37-39 кноп бүлгийнх нь гишүүдийнх гэсэн үг. Эндээс үзвэл Л.Оюун-Эрдэнэ бүлэг дотроо 50 орчим хувийн дэмжлэгтэй үлдсэн байгаа юм.
Тэрээр чуулганы төгсгөлд “Салбар бүрийн төлөөлөл 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламентыг бүрдүүлэх, мөн “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” уриан дор хамтарсан Засгийн газрыг байгуулж, олон жил гацсан төслүүдийг урагшлуулахад зориг гарган, хамтран ажилласан АН, Хүн намын гишүүд, дарга нарт талархал илэрхийлье” хэмээгээд “Дараагийн Ерөнхий сайдын амжилт бол монголчууд бидний амжилт учраас бүх талаар дэмжин, хамтран ажиллах болно” гэж мэдэгдсэн юм.