m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
2025.06.03 12:52
1915
Дараагийн Засгийн газрын хувь заяа Ардчилсан намын бүлгийн гарт

Л.Оюун-Эрдэнийг огцроход Ардчилсан намын бүлэг чухал үүрэг гүйцэтгэлээ. Тэд хэдийгээр санал хураалтад оролцоогүй ч эс үйлдлээрээ эсрэг санал өгсөн. Бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд “АН хамтарсан засгаас гарна. Гэхдээ манай сайд нарыг хөөснийх нь хариуг барих болно” хэмээн удаа дараалан мэдэгдэж байсан. Эхний бэлгээ ийн чангахан барилаа.

Энэ нь Л.Оюун-Эрдэнийг унагаах сонирхолтой эрхмүүдийн давхар мэх байсан ч байж мэднэ. Тэд эхлээд АН-ын сайд нарыг хамтралаас гаргачихвал шаралхсандаа эсрэг санал өгч, кабинетыг бүхлээр нь унагаана гэж тооцоолоо биз. Хүслээр нь ч боллоо.

АН-ын “бэлэг” үүгээр дуусахгүй байх. Дараагийн ЗГ-ын тэргүүнийг сонгоход ч нэлээд чангалах биз. Эцэст нь хэн нэг нь Ерөнхий сайдаар сонгогдож л таарна. Түүний бүрдүүлсэн кабинетыг унагаах ажиллагаа хэдэн сарын дараа өрнөж эхлэхэд гайхах юмгүй. АН-ын бүлгийн гишүүд дээр Л.Оюун-Эрдэний баг ч хүч хавсрах биз. Энэ мэтчилэн энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуустал Засгийн газрын тогтвортой байдал нэлээд эргэлзээтэй байх дүр зураг харагдаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал нь цаашид 1990-ээд оны Ардчиллын засаглалын түүхийг давтах эрсдэлтэй гэсэн үг. Ардчилсан нам анх 1996 оны УИХ-ын сонгуулиар олонх болж, засгийн эрхийг гартаа авахдаа дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа Засгийн газраа огцруулж, үүрэг гүйцэтгэгчтэйгээ нийлээд дөрвөн Ерөнхий сайдын нүүр үзэж байсан түүхтэй.

Хэдийгээр энэ сонгуулиар МАХН-ын 75 жилийн ноёрхлыг таслан зогсоож, Монголын ардчиллын түүхэнд шинэ хуудас нээсэн ч маш тогтворгүй, дотоод зөрчлөөр дүүрэн, хүндхэн он жилүүдийг үдсэн байдаг.

105 жилийн түүхтэй Монгол ардын намд ч бас хагарал газар авч байна. 2018 оноос М.Энхболд, Т.Бадамжунай тэргүүтэй хууччууд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын шинэчлэгчдийн багийн хоорондын зөрчил үүсэж, М.Энхболдыг парламентын даргаас огцруулж, шинэчлэгчид намын удирдлага болон засгийн эрхийг гартаа авсан. Харин өнөөдөр шинэчлэгчид дотроо задарч, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар хоёр талдаа гарснаа нийгэмд тунхаглан зарлалаа.

Одоо олон нийт Ардын намыг  дотооддоо ардчилалтай гэхдээ эе эвтэй байгаасай гэж залбирахаас өөр арга алга.