m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
2025.06.03 13:04
1519
Шинэ танхимын тэргүүний төлөөх "марафон"

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорлоо. Огцорсон сайд нар дараагийн Ерөнхий сайд томилогдтол үүрэг гүйцэтгэнэ. Харин дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг дээр олон нийтийн таамаг хөвөрсөөр.

Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “Өмнөх Засгийн газруудын түүхийг харахад, огцорсон шалтгаан нь дандаа дотроосоо байсан юм билээ. Энэ удаа ч кабинет дотроос маань энэ бүх асуудлыг анх үүсгэж, тэдгээр сайд бүлгийн нөлөө бүхий улс төрчдийн дэмжлэгийг авсан.” хэмээн мэдэгдээд авсан. Тэрээр өмнө нь энэ талаар олон нийтэд ам нээж байгаагүй ч улс төрд ойр хүмүүсийн хувьд хэдийнэ ойлгомжтой болсон асуудал.

Танхимынхаа тэргүүний араас “хутга шаасан” сайд нарыг Н.Учрал, Б.Жавхлан нар оройлж байна гэх хардлага хоосон байгаагүйг өчигдрийн үйл явц харуулсан. Аль аль нь чамлахааргүй өндөр албан тушаалд байсан эрхмүүд энэ удаа суудлаа илүү өндөрсгөхийг эрмэлзэх нь ойлгомжтой.

Гаднаас гэвэл УИХ-ын дарга асан Г.Занданшатар, ЕТГ-ын дарга асан Я.Содбаатар нарын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй улс төрчдийн нэр яригдсаар ирсэн, одоо ч жагсаалтаас хасагдаагүй. Гэхдээ УИХ-ын гаднаас сонгогдох нь хүч муутай. Ерөнхий сайд байтугай танхимын бусад гишүүдийг гаднаас сонгох нь ямар ч хүчгүй сайд нарыг бий болгож байна гэж шүүмжилсээр байгаад 2023 онд Үндсэн хуульдаа гар хүрээд авсан улс шүү дээ.

Экс Ерөнхий сайд өчигдөр /2025.06.02/-ийн хуралдаан дээр “Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтыг нээх үед дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүн зурагдчихсан байсан” гэсэн нь ч ортой. Хэдийгээр олон нийт янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа ч хөшигний ард дараагийн Ерөнхий сайд хэн болох нь, тэр бүү хэл танхимынх нь бүрэлдэхүүнд хэн хэн байх нь аль хэдийнэ шийдэгдсэн гэсэн үг.

Ямартай ч “хамтарсан” Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан сайд нараас кабинетаа унагаахад оролцсон сайд нар хамгийн түрүүнд шагналаа авах нь дамжиггүй. Харин УИХ дотроос Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр, Г.Дамдинням гээд “хоолондоо орох” гээд  ээлжээ хүлээж буй гишүүд цөөнгүй бий.