m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2025.06.03 17:06
957
Б.МӨНХЖАРГАЛ: Хэнтий аймагт алт олборлож байгаа компаниуд малчидтай харилцан ойлголцож, эвтэй найртай байдаг

Засгийн газраас “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэх яриа ид өрнөж байгаа энэ цаг үед алтны олборлолт нь орон нутгийн эдийн засагт хэр өгөөжтэй байгаа юм, байгаль орчинд учрах сөрөг нөлөөллөөс хэрхэн сэргийлж байгаа юм гэх мэт асуудлыг хөндөн, Хэнтий аймгийн ХБТХОХ-ийн Байгаль орчин, уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

Хэнтий аймгийн хэмжээнд нөөц нь тогтоогдсон алтны үндсэн болон шороон хичнээн орд байгаа вэ? Тэдгээрийн хэдэн хувьд хичнээн компани олборлолт явуулж байгаа вэ?

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт нөөц нь тогтоогдсон алтны хоёр үндсэн, 13 шороон орд бий. Нийт 14 аж ахуйн нэгжид 19 ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд 3965.98 га талбайд олборлолт хийж байна.

Алтны олборлолт орон нутгийн эдийн засагт хэр үр өгөөж өгч байгаа юм бол?

Хэнтий аймагт хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд улс, орон нутгийн  төсөвт 2024 онд нийт 11,0 тэрбум төгрөгийн төлбөр, татвар төлсөн байна. Үүнээс 553,7 сая төгрөгийг алт олборлож байгаа компаниуд төлсөн.  

Татвараас гадна ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах, орон нутгийн аж ахуйн нэгжүүдтэй туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчээр хамтран ажиллах гэх мэтийн дэмжлэг хэр байна?

Эдгээр компани орон нутагт хоёроос дөрвөн хүнийг байнгын болон түр ажлын байраар хангадаг. Мөн орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчид болон малчин өрхүүдөөс мах, сүү, хүнс, ахуйн хэрэглээний бараа тогтмол худалдан авдаг. Худалдан авалтаараа тухайн ажлын байрыг дэмжиж байгаа хэрэг. Түүнчлэн орон нутгийн нэгээс хоёр ААН болон иргэдтэй хамтран ажиллаж, бүх нийтийн хог цэвэрлэгээ хийх, хогийн цэгийг дарж булшлах, нөхөн сэргээх, мод тарих зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн байдаг.

Мөн аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвтэй гэрээ байгуулан уурхайн ус, хөрс, агаарын шинжилгээг жил бүр хийлгэж, хамтран ажилладаг. Малчдад намартаа хадлан тэжээл бэлтгэх, хавартаа мал төллөх болон тариалалтын үед түлш шатахууны дэмжлэг үзүүлчихдэг. Сум, орон нутгийн төсөвт байгууллагуудын тэгш ой, тэмдэглэлт баярууд, иргэний нийгмийн байгууллагуудын тогтмол зохион байгуулдаг олон нийтийн арга хэмжээнүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Гэх мэтчилэн сум орон нутгийн цаг үеийн болоод улирлын шинжтэй ажлуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж ажилладаг.

Орон нутгийн хөгжлийн санд жил бүр 30,0-50,0 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлж ажилладаг.     

Олборлолт хийж буй компаниудтай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр хамтран ажиллаж байгаа орон нутгийн компаниуд байгаа юу, ер нь орон нутгийн компаниудад давуу эрх олгох бодлого хэрэгждэг үү?

Нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээнд орон нутгийн аж ахуйн нэгжүүд, иргэд, жижиг дунд бизнесийг дэмжиж хамтран ажиллах, нийт худалдан авалт, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн 70 хүртэлх хувийг орон нутгаас авах тухай заалт байдаг. Үүнийг мөрдөж ажилладаг. Мөн орон нутгийн иргэдийг ажлын байраар түлхүү хангах, “Нутгийн ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт орон нутгийн оюутнуудыг хамруулж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс аливаа эрдэс баялгийн хайгуул болон олборлолтыг хүрээлэн буй байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө хэмээн эсэргүүцэх нь түгээмэл байдаг. Орон нутгийн удирдлагын зүгээс байгаль орчинд учирч болох сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлж, хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа вэ?

Алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүд байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний биелэлтийг жил бүр томилогдсон комисст хүлээлгэн өгч байгаа. Биелэлт нь 90-ээс дээш хувьтай дүгнэгдэж байгаа. Олборлох явцад эвдэрсэн газрыг техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж тогтмол хүлээлгэж өгдөг. 2024 онд гэхэд 3,3 га-д техникийн, 3,6 га-д биологийн нөхөн сэргээлт хийж  хүлээлгэж өгсөн.

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газраас баталсан “Байгаль орчны чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд уул уурхайн 15 компанид хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн.  Өнгөрөгч сарын байдлаар дөрвөн компанид хийгээд байна. Зөрчил илэрсэн гурван аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авсан.  Дөрвөн ААН-д хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай нийт 46 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулж байна.

Мөн хяналт шалгалт хийхээр төлөвлөөгүй аж ахуйн нэгжүүд болон бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд ч гэсэн удахгүй хяналт шалгалт хийнэ.

Танай аймагт алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүд нутгийн иргэдтэй хэр ойлголцолд хүрч ажиллаж байгаа юм бол? Ер нь олборлолт хийж байгаа компаниуд мэдээллийн ил тод байдлыг хэр хангаж байгаа вэ?

Манай аймгийн тухайд, алтны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд сум, багийн иргэд, малчидтай олон жилийн турш эвтэй найртай, харилцан ойлголцож үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм болохоор иргэд, малчдын зүгээс ямар нэг гомдол ирдэггүй.  Аливаа үйл ажиллагаагаа ил тод явуулдаг. Тайлан мэдээллээ ч олон нийтэд нээлттэй хүргэдэг.

Хууль бус олборлолт байгаа юу, хэрэв байгаа бол эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?

Манай аймагт байгалийн өнгөт чулууг хууль бусаар олборлож, худалдан авч байгаа иргэд байна. Эдгээр иргэд, худалдан авагч нарын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохын тулд хууль хүчний  байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж байгаа. Тэд сүлжээнд орсон байдалтай ажиллаж байгаа тул Тагнуул, Цагдаагийн байгууллагууд гүйцэтгэх ажлын шугамаар илрүүлэх боломжтой байдал харагддаг.  Иймд хууль, хүчний байгууллагууд үүнд илүү түлхүү хүч өгч таслан зогсооход хамтран ажиллах шаардлагатай байгаа.

Хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй уул уурхайн жишээ байна уу?

Орон нутгийн төдийгүй улсын хэмжээнд жишиг болохуйц ажиллаж байгаа Норовлин суманд алт олборлож байгаа “Дацан трейд” ХХК нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайтар хангаж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, жил бүр нөхөн сэргээлтийг төлөвлөсний дагуу хариуцлагатайгаар гүйцэтгэдэг бөгөөд татварын өргүй ажиллаж байгаа.

Мэдээлэл өгсөнд баярлалаа.