Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хурал Улсын дээд шүүхэд хаалттай үргэлжилж байна.
П.Батчулуун эмчийг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон анхан болон давж заалдах шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон байдаг.
Улсын дээд шүүхийн гадаа түүний ар гэрийнхэн болон мэс заслын эмч нар үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байна.
Түүний охин Б.Хонгорзул "Өчигдөр аавтайгаа уулзсан. Аав маань шүүхдээ итгэж байгаа. Бид ч бас үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч, залбирч байна. Аавын маань тухай хүмүүсийн постыг бид шейрлэдэг. Гэтэл 40 орчим пост устгагдсан байсан. Эздээс нь асуухаар өөрсдөө мэдэхгүй гэсэн. Технологийн аргаар устгаж байна гэж хардаж байгаа. Аавын минь биеийн байдал хүнд байна" гэв.
П.Батчулуун эмч манай улсад эс, эд, эрхтэн шилжүүлэх эмчилгээг нутагшуулсан хүмүүсийн нэг. 2018 онд донорын тухай хуульд өөрчлөлт оруулахад Эрүүл мэндийн хөгжлийн төвд “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв” байгуулагдсан. Тэр цагаас хойш 7000 гаруй амьгүй донор илрүүлэх ажиллагааг хийж, 300 гаруй боломжит донорыг илрүүлэн 100 гаруй донорын ар гэртэй уулзсан. Эдгээрээс 30 гаруй донорын гэр бүл зөвшөөрч 64 хүнд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн.
39 хүнд бөөр, 25 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амьгүй донороос хийсэн.Мөн эдгээр донороос 170 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгаж амьдралын чанарыг нь сайжруулсан байдаг.
Өнөөдрийн байдлаар донороо хүлээж буй 1000 орчим иргэд байгаа бөгөөд П.Батчулуун эмчийн асуудлаас хойш донор олдохгүй байгаа гэдгийг албаныхан мэдээлээд байгаа юм.
Шууд дамжуулалтыг үзэх: