Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.06.04 14:10
379
Н.Учрал: Татварын багц хуулийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.  

Тэрээр "Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс олон төсөл урагшилсан. Мөн салбаруудад эрхзүйн реформ хийх зорилтуудыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 30 жил хүлээгдсэн Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчлэлийг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгасан. Мөн Татварын багц хуулийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах чиглэлд эрхзүйн орчныг сайжруулахаар өнгөрсөн 11 сарын хугацаанд хамтарсан Засгийн газар ажилласан. ХҮН намын дарга Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг байгуулсантай холбогдуулан Хуульзүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Гэр бүлийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлээ. Эдгээр ажлууд яг төлөвлөгөөний дагуу явж байгаа. 

Мөн Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, ил тод байлгах чиглэлээр ажилласан. Энэ хүрээнд уул уурхайн компаниуд "Эрдэнэс Монгол" ХХК-д, уул уурхайн бус компаниуд "Эрчист Монгол" ХХК дээр нэгдүүлж, менежментийг өөрчилсөн.

Төрийн мэдэлд байдаг төрийн өмчит компаниуд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа мөртлөө 1400, 1500 хүнтэй. Харин хувийн компаниуд 200 хүнтэйгээр үйл ажиллагаа явуулаад байхад бүтээмж нь яагаад хувийн хэвшилд өндөр байна вэ. Энэ агуулгыг өөрчлөхийн тулд менежментийг өөрчилж, компани бүрд ТУЗ байгуулах ажлууд шат дараатай хийгдэж байгаа" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: