Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.06.04 14:26
1359
П.НАРАНБАЯР: Олон улсын инженерийн сургууль байгуулж, жил бүр 3000 инженер нэмж бэлтгэнэ

“Хамтарсан” Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлын талаар олон нийтэд мэдээлэв. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрээр хэлэхдээ:

Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаас хэд хэдэн шийдвэр гаргалаа. Боловсролыг дэмжих жилийн хүрээнд хийх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. Тухайлбал, багшийн чадавхийг сайжруулах, нийгмийн асуудлуудыг нь шийдвэрлэх, багшлах боловсон хүчний дутагдлыг арилгах чиглэлд авах арга хэмжээг эрчимжүүлнэ.

2030 он гэхэд сургуулийн насны хүүхэд 88 мянгаар нэмэгдэнэ. Тиймээс боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд нийт 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр байгуулна. 2026, 2027 оны төсөвт тус бүр 45 сургууль, цэцэрлэг байгуулах санхүүжилтийг тусгаж өгнө. Нийслэлд байгуулах сургуулиудын тухайд, нийслэлтэй хамтран байршлыг нь тодорхойлж, газрыг нь шийдвэрлэнэ.

Мөн ӨМӨЗО-ы Аж үйлдвэрийн сургуультай хамтран ШУТИС-ийн харъяа Олон улсын инженерийн сургуулийг “Хүннү” хороололд барих тогтоол гаргалаа. Ингэснээр жилд 3000 гаруй инженер нэмж бэлтгэх боломжтой болно. БНХАУ бол технологийн том гүрэн болж байгаа. Энэ утгаараа байгалийн ухаан болон инженерийн чиглэлээр боловсон хүчнийг бэлтгэн, хамтран ажиллах болсон нь урагшилж байгаа ажлын нэг гэж хэлж болно.

Хүн намын Мөрийн хөтөлбөр дэх эрчим хүч болон боловсролын салбарын асуудлууд хамтарсан Засгийн газрын Мөрийн хөтөлбөлт бүрэн туссан байдаг. Засгийн газрын хийх ажлын төлөвлөгөөнд орсон гэсэн үг. Эдгээр зорилт нь иргэд, тэр дундаа хүүхдүүдийн ирээдүйн төлөө юм.

Эрчим хүчний салбарт шинэчлэл хийснээр энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд олон жил хуримтлагдсан өрийн сүлжээнээсээ гарч, цаашид бие даан хөгжих боломж бүрдэж байгаа. Түүгээр ч зогсохгүй энэ салбарт маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг татан авчирж, технологийг нь хөгжүүлэх боломж бүрдсэн.

Боловсролын салбарын тухайд, та бүхний нүдэн дээр ил байгаа учраас үүнийг би нуршаад яах билээ. Боловсролыг дэмжих жилийг УИХ-ын гишүүдээсээ эхлээд энэ салбарт ажиллагсад, эцэг эхчүүд гээд бүгд хүлээн зөвшөөрч байгаад таатай байгаа гэв.