“Хамтарсан” Засгийн газар ээлжит хуралдаанаараа Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барих шийдвэр гаргалаа. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ:
Хамтарсан Засгийн газар хэд хэдэн салбарт реформ эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж ирсэн. Үүний нэг нь Татварын багц хуулийн төсөл юм.
Монгол Улс 1992 онд цоо шинэ татварын тогтолцооонд шилжсэн. Дараа нь 2004, 2019 онд тус тус томоохон өөрчлөлт хийсэн. Зургаан жилийн дараа энэ хуульд дахин томоохон өөрчлөлт оруулж байгаа юм. Хуулийн төслийг УИХ дахь намуудын бүлэг, зөвлөлд танилцуулсан.
Татварын багц хуульд Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хамаарна.
Өнгөрсөн хугацаанд маш өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийсэн. Эдгээр хэлэлцүүлэгт нийт 13 мянган татвар төлөгч оролцсон байна. Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдаа аж үйлдвэрийн танхим болон УИХ, ЗГ дээр тус тус Ажлын хэсгүүдийг байгуулсан. Өмнө нь зөвхөн ЗГ-ын дэргэд ажлын хэсэг байгуулан ажилладаг байсан бол энэ удаа УИХ-аас мөн ажлын хэсэг гарган, хуулийн төсөл дээр эхнээс нь хамтран ажиллалаа.
Өнгөрсөн хугацаанд нийт 150 гаруй уулзалт, хэлэлцүүлэгт 176 мянга гаруй санал ирсэн. Саналуудыг нэгтгэж, зарим зүйлийг тусгасан. Ингээд хуулийн төслүүдэд тусгасан гурван чиглэл бүхий гол өөрчлөлтийг тоьч дурдъя.
Нэгдүгээрт иргэдэд, хоёрдугаарт аж ахуйн нэгжүүдэд, гуравдугаарт татварын байгууллагад ямар өөрчлөлт хийх юм бэ?
Сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно. Үүнд нийт худалдан авагчийн 51 хувь хамаарна. 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 50 хувь буцаан олгоно. Үүнд нийт худалдан авагчдын 20 хувь нь багтана. Харин 800 мянган төгрөгөөс дээш худалдан авалтын НӨАТ-аас 20 хувийг нь буцаан олгохоор зохицуулсан байгаа. Энэ нь одоогийнхтой адилхан бөгөөд нийт худалдан авагчдын 27 хувийг эзэлнэ.
Жишээлбэл, сард 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн иргэний 500 мянган төгрөгийн худалдан авалт НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөнө. Дараагийн 300 мянган төгрөгийн худалдан авалтын НӨАТ-аас 50 хувийг, үлдсэн 700 мянган төгрөгийн худалдан авалтын НӨАТ-аас 20 хувийг буцаан олгоно гэсэн үг. Таван ам бүлтэй өрхийн сарын худалдан авалт 25.5 сая төгрөг боллоо гэхэд гэр бүлийнхээ нийт гишүүнд хуваахад нэг хүнд 500 мянган төгрөгийн худалдан авалт ногдоно. Тэгэхээр тэр гэр бүл НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг.
Ийнхүү НӨАТ-ын шаталсан системд шилжсэнээр НӨАТ-ын бүртгэл буюу хамрагдалт улам сайжирна.
Хүн амын орлогын албан татварын тухайд, хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүний цалингаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу сарын 800 мянган төгрөгийг татвараас бүрэн чөлөөлнө. Ингэснээр хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэний 45 хувь нь татвараас бүрэн чөлөөлөгдөх юм.
Хоёр сая төгрөгийн цалинтай иргэний 800,000 төгрөг нь татвараас чөлөөлөгдөн, үлдсэн 1.2 сая төгрөгөөсөө татвар төлнө гэсэн үг.
ААН-үүдийн 25 хувийн татвар төлөх босго зургаан тэрбум байсныг 10 тэрбум болгон нэмэгдүүлж, зургаагаас 10 тэрбум хүртэлх орлогод ногдох татварыг 15 хувь болгон бууруулахаар тусгасан.
Одоогийн хуулиар зургаан тэрбум төгрөгөөс дээш, доош гэж ангилж байгаа зургаан тэрбумаас дээш борлуулалт хийсэн бол шууд 25 хувийн татвар авч байгаа нь аж ахуйн нэгжүүд томрох боломжийг хаадаг.
Мөн хүний нөөцийг дэмжих зорилтын хүрээнд ажилтнаа сургах болон хувийн хэрэгцээнд нь зориулж олгосон зардлыг татвараас чөлөөлнө.
Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилтын хүрээнд хялбаршуулсан журмаар нэг хувийн татвар төлөх борлуулалтын босго 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлж, энэхүү хөнгөлөлт гурван жил байхаар тусгалаа гэв.