Хориглох тусам хэрэглэнэ.
2025 он. Монгол Улс. Бид эдийн засгийн уналт, ядуурал, авлига, инфляци, улс төрийн тогтворгүй байдал гэх мэт асуудлуудаас гадна нэгэн ноцтой хямралын ирмэг дээр ирээд байна. Энэ бол тамхины зах зээлийн хэт хатуу бодлогоос үүдсэн хууль бус худалдааны тэлэлт юм.
Харамсалтай нь Монгол Улс хөгжлийн замаараа эдүгээ Төв Азийн хамгийн хаалттай, хяналттай, хэт хатууд тооцогддог Туркменистан, Киргизстан гэх мэт улс орны жишээг дагах эрсдэлтэй нүүр тулж байна. Эдгээр улсуудад тамхидалт өндөр, хууль бус худалдаа нийт хэрэглээний 30-40 хувийг эзэлж байна. Монгол улс яг энэ замаар орох нь.
Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн боловсруулсан хуульд бүх төрлийн никотин агуулсан бүтээгдэхүүны амт, үнэрийг хориглох заалт тусгасан шууд утгаараа контрабанд буюу хил дамнасан хууль бус наймааг цэцэглүүлэх суурийг хуулийн хүрээнд тавьж байна гэдгийг хууль санаачлагч мэдэхийн дээдээр мэднэ.
Сүүлийн үед О.Номинчимэг гишүүн хүүхэд, залуу үе хамгаалал нэрийн дор тамхины хяналтын тухай хэт нэг талыг барьсан хуулийн төсөл боловсруулав.
Гэвч тамхины хяналтын тухай хуулийн зорилго болсон “тамхидалтыг буулгах” бус эсрэгээрээ бодит байдал дээр хуулиас гадуурх худалдаа, хяналтгүй хэрэглээ, хуурамч бүтээгдэхүүн, татварын алдагдал руу түлхэх сөрөг нөлөө үзүүлж байна.
Тамхидалтын түвшинг бүх насанд амжилттай буулгаж байгаа дэлхийн өндөр хөгжилтэй улсууд бий. Гэвч хамгийн өндөр тамхидалттай, хар зах зээлээ дийлэхээ больсон, хэт хатуу бодлоготой, хаалттай улсуудын жишгийг Монгол улс даган дуурайх нь шийдэл бус, харин ч 21-р зууны “ардчилсан” гэх улсад байж болохгүй алдаа юм.
Төв азийн улсууд нь дэлхий дахинаа хөгжил буурай, эдийн засгийн ядууралтай бүсэд хамрагддаг бөгөөд Туркменистан, Киргизстан зэрэг улсууд нь авилгал гаарсан, хяналт сул байдал нь Монгол улстай нэн төстэй. Тэгвэл тэдгээр улсууд тамхины эсрэг ямар арга хэмжээ авдаг тухай дурдвал зохистой. Монгол улсын боловсруулсан хуулийн төсөлд хэд хэдэн төстэй зүйл байгаа ба үр дүн нь хэдийн тодорхой болжээ.
Туркменистан — Хамгийн өндөр хяналт, хамгийн том хар зах зээл
Киргизстан: Хэт хатуу бодлого нь хар зах зээлийг тэтгэсэн бодит жишээ
Киргизстан бол бидний маш ойрхон жишээ. Тус улс сүүлийн 10 гаруй жилд тамхины өндөр татвар, амттай вэйпийг бүрэн хориглох, сурталчилгааг тэглэх, импортын нарийн зөвшөөрөл шаардах зэрэг маш хатуу бодлого хэрэгжүүлсэн.
Үр дүн:
“Бид бүтээгдэхүүнийг хязгаарласан боловч хэрэглээг зогсоож чадаагүй. Үүний оронд хууль бус сүлжээ хүчирхэгжиж, хяналтгүй хэрэглээ үүссэн.”— Киргизийн Эрүүл мэндийн яамны тайлан, 2023 он
Монгол — Хил нь нээлттэй, хяналт нь сул
Монгол бол далайд гарцгүй, хоёр том хөрштэй улс. Бид Туркменистантай адил дотоодын үйлдвэрлэлгүй, импортод 100% хамааралтай. Гэвч бидний хил, гаалийн хяналт маш сул хэвээр.
Хууль зүйн яамны тайланд дурдсанаар “хууль бус тамхины зах зээл 2023 оноос хойш тасралтгүй өсөж байгаа” гэжээ. Хэрвээ хэт хатуу бодлого үргэлжилбэл бид ч бас Туркменистан шиг нийт зах зээлийнхээ хагасыг хар захад алдаж, хяналтгүй, татваргүй, аюултай бүтээгдэхүүнийг иргэдэд гар дээрээс тараадаг улс болох нь гарцаагүй. 2024 оны байдлаар утаат тамхи болон никотин агуулсан бараа бүтээгдэхүүнээс жилдээ 260 тэрбум орчим төгрөгийн татвар төлөгддөг байсан бол бүх төрлийн амт хориглосноор 130 тэрбум төгрөгийн татварын орлого тооцож чадахгүй болж хар зах зээлд алдах тооцоолол гарч байна.
Урагшаа биш ухралт
Хэт өндөр татвар нь манайх шиг хамгийн бага цалинтай, хамгийн их авлига нүүрлэсэн, хамгийн эмзэг эдийн засагтай оронд энэ бол амиа хорлохтой адил бодлого юм.
Бизнес эрхлэгчид татвараас зугтахын тулд хууль бус бүтээгдэхүүнрүү шилжинэ, лицензгүй, зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн импортлох оролдлого нэмэгдэнэ. Манай улсын хил гааль үүнийг хянах ямар ч боломжгүй.
Төр хяналтаа алдаж, татварын орлогоо хасах шаардлага тулгарна. Улсын хэмжээнд хамгийн багадаа 130 тэрбумаас дээш төгрөгийн алдагдал хүлээх эрсдэл нүүрлэнэ.
Эрүүл мэндийн салбарын зардал тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр жилд 801 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ байдал цаашид 2030 он гэхэд 1 их наяд гаруй төгрөгийн зардал болж нэмэгдэх хандлагатай байна.
Монгол улс Киргиз шиг хэрэглэгчээ гэмт хэрэгтэн болгох, татвараар бус авлигаар үйл ажиллагаа явуулах эдийн засгийн араатан бий болгохоос сэрэмжлэх ёстой. Туркменистан шиг төрийн хүчээр хяналт тогтоох оролдлого нь хэрэглээг бууруулах биш, төрд итгэх итгэлийг үгүй хийх аюултай.
Давтан хэлэхэд амт хориглолоо гээд ганзагын наймаачид татваргүй бараа зөөх, интернет худалдааны замбараагүй байдлыг өөгшүүлэх, дэлгүүрүүд лангуун доороос зарах гэх мэт хэрэглэгчиддээ, улсдаа ч хохиролтой байдлыг үүсгэх нь гарцаагүй. Ерөнхийдөө 1930 оны АНУ-ын “Хуурай хууль”-ийг давтах гээ юм болов уу?
Залуу үе, хүүхэд залуусыг аливаа хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй шийдэл бол хүүхдэд зарсан этгээдэд хуулийн өндөр хариуцлга тооцдог байх, иргэд бие биедээ зөв шаардлага тавьдаг байх, томчуудын нөлөөлөл чухал болохоос хүүхдүүдээ хамгаалж байна гээд нийгмийн гажуудал үүсгэж хэрхэвч болохгүй!
Хуулийн дагуу хэрэглэгчдээ хүндэтгэж, шударга өрсөлдөөнийг дэмжсэн ухаалаг бодлого л Монголыг аврах зам юм.