Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.06.05 11:19
496
Д.АМАРБАЯСГАЛАН: Ганц, хоёр заалт дээр маргалдаж, асуудлыг хойш чангаалгүй, зөвшилцөж байхыг гишүүдээс хүсье

УИХ-ын нэгдсэн чуулганы энэ өдөр /2025.06.05/-ийн хуралдаанаар хэд хэдэн хуулийн эцсийн найруулгыг баталлаа. Энэ үеэр мөн Хуулийн төслийг буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав. Энэ нь Цусны донорын тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Байнгын хороодод чиглэл өгсөн. Гишүүд байнгын хорооныхоо хуралд идэвхтэй оролцож, Байнгын хороонос УИХ руу оруулж байгаа асуудлууд дээр анхааралтай ажиллахгүй бол Хууль зүйн байнгын хорооноос нэг хуулийн төслийг гурав дахь удаагаа Ажлын хэсэгт буцаан шилжүүлж байна. Ганц, хоёрхон заалт дээр гишүүд хоорондоо маргалдаж, “ацаг” тавиад, асуудлыг хойш чангаах тохиолдлууд гарч байна. Зөвшилцлийн арга замаар хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг шийдэхийг хүсье. Нэг хуулийн нэг заалт нэг гишүүд таалагдаагүйгээс болоод бүхэл бүтэн том хууль УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцүүлэгт орох боломж хангагдахгүй байна. Байнгын хорооны хурлдыг бас удаа дараалан үймүүлсэн гэсэн мэдээлэл ирсэн. Иймэрхүү явдлаа анхаарахгүй бол УИХ-ын үйл ажиллагаа саатар эрсдэлтэй гэдгийг анхааруулъя гэлээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг дахин ажиллах шаардлагатай гэж үзсэн учраас хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргаж байсан удаатай.

Хэрэвзээ УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуульд заагдсан шаардлагыг хангаагүй эсхүл улс орны аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт аюул заналхийлэх агуулга бүхий заалт тусгагдсан бол тухайн төслийг буцаах нь зүйн хэрэг. Үгэн дотор үг гэгчээр хэн нэгний зориуд шургуулсан үг, өгүүлбэр хожим практикт хэрэглэгдэхдээ сөрөг үр дагавар дагуулдаг, эсхүл ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байсан жишээ манай парламентын түүхэнд бишгүй л бий. Харин хувийн ашиг сонирхолд хөтлөгдөн эсэргүүцэж байгаа бол асуудал.

Ямартай ч УИХ-ын дарга ангийн нөхдөдөө хандан, хатуухан сануулга өглөө.