Э.Ирэхбаяр
Редактор
Эдийн засаг
2025.06.05 13:10
639
“Эрдэнэс Монгол” ХК-ийн босс С.Наранцогт мөнгө угаасан уу

Монголын хамгийн том төрийн өмчит компани бол “Эрдэнэс монгол” ХК. 2007 онд байгуулагдсанаасаа хойш 31 охин болон хараат компанийг эгнээндээ нэгтгэж, нэгдсэн удирдлагаар хангахын сацуу хөрөнгө татан төвлөрүүлж, төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт хийж ирсэн.

31 компаниа Түлш, эрчим хүчний групп, Зэс металлын групп, Дэд бүтэц, логистикын групп хэмээн гурван хэсэгт хуваан удирдаж, компани бүрээс ашгийн хоёр хувийг менежмэнтийн төлбөрт авдаг.

Энэ компаний эзэмшилд мөн ашиглалтын 67, хайгуулын 17 тусгай зөвшөөрөл буй. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт нүүрсний нөөцийн 22 хувь, зэсийн нөөцийн 38 хувь, жоншны нөөцийн 22 хувь, төмрийн нөөцийн 15 хувь нь “Эрдэнэс Монгол” ХК-ийн эзэмшилд байдаг бөгөөд экспортын нийт орлогын 30 хувийг дангаараа бүрдүүлдэг.

2024 оны эхний зургаан сарын байдлаар нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын орлого нийтдээ 8.9 их наяд төгрөгт хүрч, 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байдаг. Харин улс, орон нутгийн төсөвт 2.6 их наяд төгрөг төлж, тайлангийн хугацаанд улсын хэмжээнд төвлөрсөн татварын орлогын 20 хувийг бүрдүүлсэн байгаа юм.

Зөвхөн Гашуунсухайт автозамын жилийн төлбөрөөс гэхэд л 100-200 тэрбум төгрөгийн орлого төвлөрдөг аж.

Тэгэхээр энэ компаний эзэмшдэг ордын нөөц, эргэлдүүлдэг мөнгөний дүн хичнээн том тоо болох нь ойлгомжтой биз. Энэ их мөнгийг захиран зарцуулах эрхийг авахын төлөө үе үеийн эрх баригчид, нөлөө бүхий улс төрчид өөр хоорондоо тэмцэлдэж, төлөөний хүнээ томилж ирсэн нь ч нууц биш.

Эдүгээ тус компанийг удирдаж буй С.Наранцогт нь Гашуунсухайтын авто замын орлогоор мөнгө угаасан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу Засгийн газрын зүгээс ажлын хэсэг байгуулж, тус компанид  санхүүгийн иж бүрэн хяналт шалгалт хийж эхэлсэн нь анхаарал татаж байна.

2024 онд батлагдсан Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд тус санг мөнгөжүүлэх шаардлагатай. Үүнд “Эрдэнэс монгол” ХК голлох үүрэг хүлээж байгаа. Иймд тус компанийн удирдлагын үйл ажллагаа, мөнгө санхүү зарцуулалт зэрэг нь ил тов, “шилэн” байх шаардлагатай байгаа юм.

Хяналт, шалгалтын багийн ажлын үр дүнг манай редакци сурвалжлан, эргэн мэдээлэх болно.